Хөдөлмөрийн хөлсийг нэмэх шаардлагатай

2016 оны 1 сарын 19

-Хүний хөдөлмөрийг хэт бага үнэлэх нь шударга биш төдийгүй хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болох талтай. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх учиртай-

Хөдөлмөрийн тухай хууль бол ажил хөдөлмөр эрхэлж буй, хөдөлмөрийн харилцаанд оролцогч хүн бүрт хамааралтай. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа МҮЭ-ийн холбооны Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Отгонтунгалагийг урьж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 13 бүлэг, 124 зүйлтэйгээр боловсруулсан байна. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 25 зүйлийг хэвээр хадгалж, 19 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 26 зүйлийг шинээр нэмж, 54 зүйлийг шинэчлэн найруулсан байна.

-Ярилцлагынхаа эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг анх 2012 онд байгуулагдсан. Талууд 2013 онд санамж бичиг байгуулсан. Хөдөлмөрийн хууль бол нийгмийн бүхий л хэсэгт үйлчилдэг томоохон хууль болохын дээр нийгмийн зөвшилцлийн талууд болох Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, эздийн харилцан ойлголцлын үндсэн дээр өөрчлөгдөх учиртай юм. Тиймээс гол гол асуудлыг хэрхэн өөрчилж, ямар асуудлыг хадгалж үлдэх вэ гэдгийг санамж бичигт тусгасан. Өмнөх хүрсэн төвшингөөс ухрахгүй, нэгэнт бий болсон баталгаат төвшинг дордуулахгүй гэдэгт санал нэгдсэн. Мөн олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцид нийцүүлэх нь мэдээж.

Одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хууль бол 1999 оны долдугаар 1-ний өдрөөс өнөөг хүртэл мөрдөж байгаа хууль. Өнгөрсөн 17 жилийн турш бага хэмжээний өөрчлөлт орсон хэдий ч сууриараа хөдлөөгүй хууль. Гэтэл өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд олон шинэ өөрчлөлт гарч, хөдөлмөрийн олон талт харилцаа, хэлбэрүүд бий болсон. Тиймээс энэ бүхнийг шинэ хуулийн төсөлд тусгасан.

-1999 оноос хойш хөдөлмөрийн харилцаа асар их өөрчлөгдсөн нь мэдээж. Хамгийн наад зах нь хувийн хэвшил болоод малчдын хөдөлмөрийн харилцаа гээд шинэ содон харилцааг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Хуульд хувийн хэвшил, малчдын асуудлыг тусгаад зогсохгүй зах дээр худалдаа наймаа эрхлэгчид, өөрсдөө ажлын байр гарган ажиллагсад, улс төрийн албан тушаалтнууд, албан бус хөдөлмөр эрхлэгчид гэхчилэн бүхий л хөдөлмөрийн харилцаанд оролцогчдыг нэн тэргүүнд тодорхойлох шаардлага тулгарсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тодорхойлоод ирмэгц зах дээр хүний лангуун бараа худалдаж буй хүмүүс, бусдын мал харж буй хүмүүс ч хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогчид болох төдийгүй ажил олгогчдоос цалин хөлс авах, нийгмийн даатгал төлүүлэх, ажлын гэрээ байгуулах, эрүүл аюулгүй ажлын байраар хангуулах шаардлагатай болно. Өмнө нь албан бус хөдөлмөр хэмээн тодорхойлж байсан бүх ажлын байр албажиж ирнэ. Албан бус эдийн засгийг албажуулахад ч шинэ хөдөлмөрийн хууль хувь нэмэр оруулна.

-Хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын хувьд мэргэжлийн зэрэг дэв тогтоох, ажиллагсдыг ур чадвараар нь цалинжуулах тогтолцоо бараг байхгүй. Үүнийг шинэ хуульд тусгасан уу?

-Тухайн салбарын мэргэжлийн зэргийн тодорхойлолтыг мэргэжлийн холбоод нь тогтоож байхаар шинэ хуульд тусгасан. Тухайн ажилтны ур чадвар, ажилласан жилээс хамааран мэргэжлийн зэрэг дэв тогтоох, зэрэг дэвийн дагуу цалинжуулах салбарын тарифийг тогтоодог байх учиртай. Ямар зэрэг дэвтэй хүн ямар ажил хийх, ажилтан хүн зэрэг дэвээ хэрхэн үнэлүүлэх нь тодорхой болоод ирэх юм. Энэ бол хөдөлмөрийн харилцааг зөв гольдрол руу оруулна гэж харж байгаа.

-Одоо үйлчилж буй Хөдөлмөрийн хуулинд хүүхэд төрүүлж өсгөж буй эхчүүд хоёр жил хүртэлх хугацаанд нийгмийн даатгалаа ажил олгогчоор төлүүлж байгаа. Шинэ хуулийн төсөлд энэ хугацааг гурван жил болгон сунгасан юм байна. Энэ нь эхчүүдийн хувьд эерэг заалт мэт боловч эргээд амьдрал дээр ажил олгогч нар хүүхэд төрүүлэх насны бүсгүйчүүдийг ажилд авахаас цааргалахад хүргэх вий гэсэн болгоомжлол байна?

-Одоо үйлчилж буй хуулинд ч эхчүүд гурван жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөө авах эрхтэй байгаа. Энэ хугацаанд ажил олгогч нар тухайн ажилтны нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн байдаг. Амьдрал дээр эхчүүд голчлон хүүхдээ хоёр нас хүргээд ажилдаа ордог учраас хүмүүс хоёр жил гэж ойлгодог. Түүнээс биш Хөдөлмөрийн хуулинд хүүхдээ асарч буй эцэг болон эх гурван жилийн хугацаанд чөлөө авах эрхтэй.

-Эцэг нь хүүхэд асарч болно гэхээр өрх толгойлсон аав нарт хамаатай юу?

-Үгүй. Хүүхдийг гурван нас хүртэл нь асрах үүрэг зөвхөн гэр бүлд бууж байгаа. Хүүхдээ асарсны төлөө ямар нэгэн тэтгэмж төрөөс авдаггүй. Тиймээс тэрхүү ачааг тэнцүүлэх үүднээс хүүхэд асарсан чөлөөг эцэг, эхийн аль аль нь авах боломжийг зүйл заалтыг 2003 онд Хөдөлмөрийн хуулинд оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл аль орлого сайтай нь ажлаа хийж болно гэсэн үг л дээ.

-Дээр асууснаа тодотгоход хуулийг хэрэгжүүлэх гажуудал гарах нь бий. Зарим нэг банк санхүүгийн байгууллагууд залуу бүсгүйчүүдийг ажилд авахдаа ойрын 2-3 жилд жирэмслэхгүй байх заалтыг хөдөлмөрийн гэрээндээ тусгасан тохиолдол ч бий шүү дээ?

-Энэ бол хууль зөрчсөн хэрэг. Ноднин жил ийм гомдол манайд ирсэн. Бид гомдлын дагуу ажиллаж, хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчлүүлж байсан. Олон улсын хөдөлмөрийн байгуулллагын 100, 103, 111 дүгээр конвенцид ч энэ тухайд нарийвчлан заасан байдаг. 100 дугаар конвенцид ижил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст адил хэмжээний цлаин хөлс олгох, 111 дүгээр конвенцид хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байхыг заасан байдаг. Манай улсын хувьд эхчүүд эмэгтэйчүүд, хүүхэд хамгаалал талдаа уламжлалт соёлтой улс.

Цаашид боловсронгуй болгох зүйл заалт шинэ хуулийн төсөлд багтсан. Батлагдах эсхийг мэдэхгүй байна. Хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийг зөвхөн эцэг эх асрахаас гадна эмээ, өвөө нь ажлаасаа албан ёсоор чөлөө авч асрах боломжоор хангах заалтыг багтаасан. Амьдрал дээр хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхэлж буй эмээ өвөө нар хүүхдээ асрах нь элбэг тохиолддог. Тиймээс тэдгээр хүмүүст хүүхэд асрах чөлөөг албан ёсоор олгож болох тухай заалт оруулсан. Харин УИХ батлах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй юм.

-Шинэ хуулийн төсөлд хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэх насыг 13 гэж оруулсан нь эргэлзээ төрүүлж байна. Хүүхдээр ажил хийлгэхээс татгалзъя гэж байгаа зорилгоосоо ухарсан хэрэг биш үү?

-Хүүхдийн хөдөлмөрийн насыг шинэ хуулинд 16 нас хүрсэн, заавал эзэмших суурь боловсрол эзэмшсэн тохиолдолд хүүхэд хөдөлмөр эрхлэх боломжтой гэж заасан. Заавал эзэмших суурь боловсрол гэдэг нь есдүгээр ангийн боловсролыг хэлж байгаа юм. Есдүгээр анги төгсөөгүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглож байгаа. Ер нь бол олон улсын факт болоод манай улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд 18 нас хүрээгүй бол хүүхэд гэж тодорхойлж байгаа шүү дээ.

Бага насны буюу 13-14 насны хүүхдийн тухайд хөнгөн ажил эрхлүүлж болно гэсэн заалтыг шинээр оруулж байгаа. Хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, бие бялдарт сөрөг нөлөөгүй, сурч боловсрох эрхийг хязгаарлаагүй ажлыг хийлгэж болно гэж оруулсан. Харин хөнгөн ажил гэж юү вэ гэдгийг гурван талт хэлэлцээрээр тодотгож өгөх юм. Хүүхэд хөдөлмөрлүүлэхийг хориглосон жагсаалтыг мөрддөгөөрөө мөрдөнө.

-Уул уурхайн салбарын ажилтнууд гэрээсээ хол олон хоногоор ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь нийгэмд сөрөг нөлөөлөл авчирч байгааг олонтаа шүүмжилдэг. Ээлжийн ажлын хоног хугацаа ч харилцан адилгүй байгаа. Үүнийг хэрхэн хуульчлахаар тусгасан бэ?

-Ээлжийн ажлыг шинэ хуулийн төсөлд жасаа гэдэг нэрээр тодорхойлон оруулж байгаа. Өөрийн гэр орон, амьдран сууж буй газраасаа хол очиж, ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэхийг жасаа гэж нэрлэнэ хэмээн заасан. Жасааг зохицуулах тодорхой заалт байхгүйгээс компаниуд нэг ээлжийн давтамжийг харилцан адилгүй тогтоосон байдаг. Хамгийн дээд тал нь 45 хоног ажиллахаар тогтоосон байгаа нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хөдөлмөрийн чадварт ч сайнаар нөлөөлдөггүй. Мөн шинэ хуулинд жасааны хүрээг 21 хүртэлх хоногоор зохион байгуулахаар заасан. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Оюутолгой зэрэг томоохон компанийн ажиллагсдын зүгээс жасааг 14:14 хоног байх нь хамгийн зохистой гэсэн саналыг гаргаж байсан.

-Хөдөлмөрийн хуулийн төслийг олон нийтэд танилцуулах үед ажиллагсдын ээлжийн амралтыг ажилласан жилийн ялгаваргүй 20 хоног байхаар заасан нь маргаан дагуулж байсан. Шинээр ажилд орсон болоод 20-30 жил ажилласан хүмүүс адилхан хугацаанд амарч байгаа нь шударга биш гэж хүмүүс үзэж байгаа. Энэ заалт хуулийн төсөлд хэрхэн суусан бэ?

-Энэ бол хуулийн төсөл боловсруулж байх үеийн санал байна. Ээлжийн амралт гэдэг бол тухайн хүний жилийн турш ажилласан алжаал ядаргааг нь тайлах, нөхөн сэргээх зорилгоор олгодог амралт байдаг. Энэ нь залуус болоод ахмад настнуудад өөр өөрөөр үйлчлэх нь мэдээж. Тиймээс ээлжийн амралтыг ажилласан жилтэй уялдуулж өгдөг өмнөх зохицуулалтаа хэвээр хадгалах нь зөв гэж үзсэн. Ээлжийн амралт нь ажлын 15 хоног байна, ажилласан жилээсээ шалтгаалаад нэмэгддэг байхаар төсөлд орсон. Хэвийн бус буюу хүнд, хортой, халуун, газрын доорх нөхцөлд ажилладаг бол мөн нэмэгдэл олгоно.

-Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа нь хэтэрхий бага үнэлгээ гэдэгтэй санал нийлэх үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэзээ өөрчлөх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зохицуулах зүйл заалт Хөдөлмөрийн тухай хуулинд байхгүй. Тусгайлсан хуулиар зохицуулж явдаг. Уг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх учиртай. Хуулиар бол 2015 онд шинэчлэх ёстой байсан. Өнгөрсөн жил гурван талт хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулсан. МҮЭ-ийн холбооны зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь улсын дундаж цалингийн 40-өөс доошгүй хувиар тогтоох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингаар жишвэл нэлээд өндөр тоо гарах нь. Тус газрын мэдээллээр өнөөдөр монгол хүний дундаж цалин 844 мянган төгрөг байгаа. Түүний 40 хувь нь 337,6 мянга болох юм байна?

-Тийм ээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом нэмэхэд буруудах зүйлгүй гэж харж байгаа. Өнөөдөр манай улсын хүн амын амжиргааны зардал олон улсын төвшинд хэдийнэ очсон. Хэрэглээ болоод хөдөлмөрийн харилцаанаас харсан ч тэр. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ багаар удаан хадгалах нь ажиллах хүчнээ үнэгүйдүүлж байдаг. Хятад улс л гэхэд хоёр жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом нэмсэн. Ингэснээр хямд ажиллах хүчнийг ашиглаж байсан гадаадын олон компани тус улсаас гарсан.

Ер нь бол цалин хөлс гэдэг өөрийн болон гэр бүлийн амжиргааг хэвийн хэмжээнд авч явахад хүрэлцэхүйц хэмжээтэй байх гэсэн олон улсын соёлын факт бий шүү дээ. Тиймээс хүний хөдөлмөрийг хэт бага үнэлэх нь шударга биш төдийгүй хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болох талтай. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх учиртай.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна