МАН-ын мангар улс төр

2016 оны 1 сарын 19

МАН-ын улс төр хол явахаа больжээ. Найрах арга нь буруудаад байна уу, ямар ч байсан МАН-ын зүгээс хийх тоглолтууд эрх баригчдын гэхээсээ эсрэгээрээ өөрсдийг нь муухай харагдуулах болоод удаж байгаа билээ.

Гурван жилийн өмнөх буйдантай жагсаалаасаа эхлээд тус намынхны шинэ оны өмнө зохион байгуулсан хар хайрцгаар сор залах улс төрийн акц нь өөрсдөд нь нэмэх оноо авчрах байтугай архангайнхан танк хүлж байсан, араажав хутгалж явсантай адил зууны том онигоонд оруулсан нь худлаа биш л дээ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт нэгэн шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд танилцуулсан бөгөөд “ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон буруулах гэж байгаа бол нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээр тэтгэврийн болон цалингийн, малчны, мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах”-ыг шаардав.

Үүний өмнөхөн даваа гаригт хуралдсан бүлгийн хуралдаанаараа хүүхдийн мөнгө, оюутны мөнгийг ялгаварлахгүй олгох чингэхдээ 0-3 насны хүүхдэд 30 мянган төгрөг сар бүр өгөх, гурван нас хүртэл хүүхдээ харах ээжүүдийг цалингийн доод хэмжээ буюу 196900 төгрөгөөр цалинжуулах санал гаргаснаа хэвлэлийнхэнд мэдээлж байв.

“Ипотекийн зээлийн хүүг АН таван хувь болгох санал гаргавал бид гурван хувь руу унагана” гэсэн зөвхөн сонгуулийн нүдээр харж, зээлийн хүүг бууруулах уралдаан зарлаж болмооргүй. Энэ чинь эдийн засгийн асуудал болохоос тэмцээн наадам биш шүү дээ.

Ийнхүү ипотекийн зээлийг тойрсон “чи тэгвэл би ингэнэ шүү” гэх жаахан хүүхдүүдийн дунд өрнөдөг бие биетэйгээ барьцсан, шантаажилсан улс төр эдийн засгаа хаа хүртэл хөлдөө чирэхийг мэдэхгүй юм. Гэхдээ хадгаламжийн хүү буураагүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй. Тэр тусмаа эдийн засаг нь хямралдаа хахаж цацан байхад хамгийн эмзэг буюу банк санхүүгийн салбараараа оролдох нь улсаараа дампуурахын эхлэл ч байж болох юм.

Аль ч улсын хувьд моргэйжийн зээлийн анхны төслийг төр нь эхлүүлсэн байдаг. Тэр утгаараа ирээдүйн тэтгэврийн сантай энэ зээлийг уялдуулж олгоно гэдэг эдийн засгийн хувьд ашигтай байж болох. Гэхдээ үүнийг “ипотекийн зээлийг хүүг АН таван хувь болгох санал гаргавал бид гурван хувь руу унагана” гэсэн зөвхөн сонгуулийн нүдээр харж, зээлийн хүүг бууруулах уралдаан зарлаж болмооргүй. Энэ чинь эдийн засгийн асуудал болохоос тэмцээн наадам биш шүү дээ.

Хэрэгжиж эхлээд хагас сар өнгөрч байгаа төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед чив чимээгүй байсан МАН-ынхан гэнэт л хүүхдийн болон оюутны мөнгийг ялгаварлахгүй олгох нь зөв хэмээн улстөржив. Угаасаа хүүхдийн мөнгийг ялгаварлах нь дэмий юм байна гээд АН-ынхан аль хэдийн хуулийн төсөл санаачлаад өргөн барьчихаад байхад шүү. Бас болоогүй 0-3 насны хүүхдэд 30 мянга, гурван нас хүртэл хүүхдээ харж суугаа эхчүүдэд цалингийн доод хэмжээтэй тэнцэх халамж өгөхийг амлаад эхэллээ. Нөгөө халамж, хайраас татгалзсан мөрийн хөтөлбөр бодлогоор уралдсан сонгууль болно гэсэн хаана байна.

Эрх баригчдаас давж гарах гэсэн сөрөг хүчнийг бойкотыг дэмжье гэхнээ тийм их мөнгө эдийн засагт байна уу?

Нийтлэлч Б.Баабарын хэлсэнчлэн төрийн мөнгө ёолдоггүй болохоор төсвийн байгууллагад ажилладаг ээжүүд цалингийн доод хэмжээний хөлстэй тэнцэх халамж сар бүр аваад гурван жил хүүхдээ хараад сууж болох л байх. Харин хувийн хэвшилд ажилладаг ээжүүдийг хохь чинь гээд хөсөр орхих уу.

МАН-ын үед иргэн Цогоо болон энгийн иргэд бид төрийн түрийвчийг сөхөж үзэх нь бүү хэл төрийн үйлчилгээг авахад бэрхтэй байв. Харин өнөөдөр хэн хэдийг үрсэн, юунд зарцуулсан бэ гэдгийг иргэн Цогоо болон энгийн иргэд бид эрэн сурвалжлаад байх шаардлага ч үгүйгээр мэдчих боломжтой болсон. Энэ бол Шилэн дансны үр дүн.

Ил гарч улс төр хийсэн нь иргэн Цогоо болохоос сценарийг нь Ардын намын “Ардын хүч” фракциас боловсруулсан энэ тоглолт МАН-д нэмэх оноо бас л авчирч чадсангүй. Эсрэгээрээ харин ч МАН-ын үед төсвийн мөнгийг энгийн иргэд хянадаг байсан уу гэх “эвгүй” асуулт өөрсдөөс нь асуухад хүргэсэн. Хадгаламжийн банкны мөнгөөр хаа байсан Сөүлд очоод казинодчихсон  хүмүүс шүү дээ, манай МАН-ынхан чинь.

АН-ыг муухай харагдуулах гэсэн МАН нэг PR нь бондын мөнгө байв. Их хааны нэрээр дэлхийн зах зээлээс олж ирсэн их мөнгийг АН-ынхан "идчихсэн" гэсэн сэтгэгдлийг төрүүлэх уг ажиллагаа бас л бүтэл муутай болоод өнгөрсөн билээ. Чухамдаа бондын мөнгөний эрэл хайгуул хийж, энэ сэдвийг улстөржүүлснээрээ  МАН-ын хувьд “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгч л болоод өнгөрснийг дуулгахад буруудахгүй биз. Энэ мөнгөнөөс хүртсэн хүмүүс нь ихэнхдээ МАН-ын бүлгийн нөхөд байж таарсан юм. Бондын мөнгөний зарцуулалтыг хянах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Л.Энх-Амгалан гэхэд л  бондын мөнгөнөөс хамгийн их мөнгө хүртсэн гэх хэрэгт холбогдоод авсан шүү дээ. Тодруулбал, бондын мөнгөөр “М-Си-Эс интернешнл” компани 6.2 тэрбумаар “Солонгос” орон сууцын хорооллын зарим дэд бүтцийн ажил, 2.7 тэрбумын өртөгтэй “Залаат-Бага тэнгэр-Их тэнгэрийн ам-Хан Уул-Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан дамжуулах агаарын шугам” төслийг байгаа. Энэ компанийн хувийг М.Энх-Амгалан гишүүн эзэмшдэг. 

Энэ мэтээр эрх баригчдын эсрэг явуулах МАН-ын улс төр өөрсдөд нь хортойгоор тусч байгааг анхааруулахад гэмгүй биз. Тиймээс МАН-д зөвлөхөд "Найрах арга чинь буруудаад байна" гэсэн дуу хүртэл цаана чинь байдаг юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна