“Diamond press club” уриалга гаргалаа

2016 оны 1 сарын 19

­­

УИХ-аар батлаад байгаа Сонгуулийн хуульд “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж заасан. Эмэгтэйчүүдэд ээлтэй ийм хууль батлуулахын төлөө тууштай ажилласан УИХ-ын гишүүн, хууль тогтоогч бүсгүйчүүддээ баярлалаа. Хуулийн энэхүү заалт нь эмэгтэйчүүдийг 2016 оны сонгуульд ихээхэн үүрэг хариуцлагатай, эв нэгдэлтэйгээр орохыг сануулж байна.

“Diamond press club” нь 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжихийг уриалж, гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан эмэгтэй нэр дэвшигчдийг сурталчлах ажлыг үнэ төлбөргүйгээр хийсэн билээ. Бид 2016 оны бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдээ өмнөх сонгуулиар ажилласантай адил дэмжин ажиллах болно.

Эмэгтэйчүүдийн манлайлах хүсэл зоригийг дэмжиж, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих санаачилгыг анх гаргаж, ажил хэрэг болгон үлгэрлэж байсны хувьд “Diamond press club”-ээс дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

-Улс төрийн намуудад: Бүх шатны сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэрсийг жагсаалтыг гаргахдаа 2+1 зарчмыг баримтлан эмэгтэйчүүдийг дэмжиж гаргах ирэхийг,

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудад: Сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихийг,

-Монголын эмэгтэйчүүдэд: Эмэгтэйчүүдийнхээ манлайлах хүсэл, урам зоригийг дэмжин, улс төрийн сонгуульд нэр дэвшигч бүсгүйчүүдээ дэмжихийг тус тус уриалж байна.

“Diamond press club” нь Монголын өдөр тутмын зарим сонин, мэдээллийн тэргүүлэгч сайтуудын захирлаар ажилладаг эмэгтэй сэтгүүлчдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага билээ.

“Diamond press club”

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна