Хотын дарга Э.Бат-Үүл хоёр удаа мэдүүлэг өгчээ

2016 оны 1 сарын 19

Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Одоогоор Д.Булган Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм. Сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өнгөрсөн арванхоёрдугаар сард сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдсэн байдаг. Тэгвэл тус хэргийг дээрх гомдлын мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж, мөрдөн байцаалтын ажлыг явуулж байна. Өөрөөр хэлбэл “Ноцтой мэдээ” сонины удирдлагад хотын дарга Э.Бат-Үүлийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад Э.Бат-Үүл даргыг цагдаагийнхан хоёр удаа дуудаж, мэдүүлэг авчээ.

“Ноцтой мэдээ” сонины 34 дугаарт хэвлэгдсэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээлэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Шунахайн сэдлээр зориудаар гүтгэж бичсэн материал байж болзошгүй гэж Э.Бат-Үүл даргын өмгөөлөгч нар үзсэн. Иймээс “Ноцтой мэдээ” сонин болоод сонины эрхлэгч Б.Галсансүхийг хуулийнхнаар шалгуулахаар болсон юм. 1998 онд тухайн аллага үйлдсэний дараах нь Э.Бат-Үүл даргын саарал малгай хэргийн газраас олдсон гэх шалтгаанаар түүнийг хуулийн байгууллагынхан хэрэгт сэжигтнээр татаж, байцаалт авч байсан удаатай. Ингэж байцаасныхаа дараах нь хуулийнхан Э.Бат-Үүл даргыг буруугүйг нотлон, түүнийг сэжигтнээр татсанаа хэрэгсэхгүй болгож, хэргийг хааж байсан байна. Хуулийн байгууллагын шийдвэр гарсан байхад 17 жилийн дараа эргэн Э.Бат-үүл даргыг С.Зориг агсны хэрэгт холбогдуулж буй нь сонгуулийн жил ойртсон, улс төрийн өнгө аясыг илтгэсэн үйл явдал гэж иргэн Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нар дүгнэсэн билээ. Харин “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх дээрх мэдээллээ баримтад тулгуурлаж бичсэн гэдгээ мэдэгдээд “Худал гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож буй Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал ярьсныг тогтоо” гэж мэдэгдсэн байдаг.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна