"Эмэгтэй удирдагч нарыг нэмэгдүүлэхийг хүсч байна"

2016 оны 1 сарын 19

Бид нэвтрүүлгийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл оролцсон байна. Түүний оролцсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

-Таны санаачилсан соёлын тухай хууль энэ сарын 1-ээс эхлэн хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжих хөрс орчин нь бүрэлдсэн болов уу?

-Маш их бүрэлдсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт, монгол залуучууд маань бүтээлч сэтгэлгээтэй, технологийн дэвшлийг хурдан эзэмшдэг, авьяастай. Тийм учраас ямар ч контентыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас телевизүүд маань төлөвшиж байна. 25 жил хуулбар материалаар явлаа шүү дээ. Гэтэл бид чинь дэлхийн оюуны өмчийн байгууллагад элсчихсэн, оюуны өмчийн бүх конвенцэд нэгдчихсэн, 1997, 2002 ондуудад томоохон конвенциудад нэгдчихсэн. Түүнээс хойш өөрийн гэсэн зохиогчийн эрхтэй, контент үйлдвэрлэгч орон болно гээд хуулиудаа гаргачихсан. 1993 онд Зохиогчийн эрхийн тухай хууль гарснаас хойш яг 23 жил болж байна. 23 жил болоход улс орон төлөвших бүрэн боломжтой, улс орны оюунлаг бүтээлч давхарга бүтээлээ нийлүүлэх цаг нь болсон. Тийм учраас энэ хуулийн цаг нь болсон. Хэрвээ бид энэ хуулиа гаргахгүй дахиад жоохон өөрсдийгөө эрхлүүлэх юм бол олон улсын хэмжээнд магадгүй оюуны өмчийн зөрчилд орно. Нөгөө талаас бид өөрсдийнхөө соёлыг алдна. Дээр нь өөрсдийнхөө залуу үеийг монгол биш болгоно. Тэгэхээр бидэнд хүлээх цаг байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ би цалин өндөртэй болж байж хүмүүжүүлье гэдэггүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний хүүхдүүд, дараагийн үе гарлаа, бид илүү тоног төхөөрөмжтэй болчихоод хүмүүжүүлье гэж болохгүй. Тиймээс залуу үеийнхээ төлөө хүч хөдөлмөр гаргах цаг нь болсон.

-Хуулийн гол санаа бол даяаршилын шуурганд өв соёлоо хамгаалж үлдэх, дэмжих гэсэн нийтлэг шинж явж байгаа. Энэ нь ч олон нийтэд таалагдаж байгаа. Хэрвээ зөрчилийн асуудал гаргаад байх юм бол зөрчлийн хуулиар нь торгоод, цаашлаад эрхийг нь хязгаарлах зэргээр явчих байх л даа?

-Тэгнэ, манайд одоо ч гэсэн энэ хууль мөрдөгдөж байгаа. Соёлын тухай хуульд л давхар ороогүй байсан болохоос биш, одоо ч гэсэн мэдээлэл харилцаа холбооны хороонд телевизүүд эрхээ авахдаа үзүүлж байгаа зүйлийнхээ 50 хувийг үндэсний агуулгатай зүйл үзүүлнэ гэж эрхээ авдаг. Ганцхан тэр эрхээ авсан зүйл нь одоогоор хууль биш гэрээ, журам маягтай яваад байсан. Үүнийг ялангуяа соёлын агуулгатай зүйл дээр нь хуульчилж өгч байгаа.

-Та хог хаягдлын тухай хуулинд нэмэлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хууль байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд явж байх шиг байна. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар асуумаар байна?

-2012 онд баталсан хуулинд нэмэлт оруулж байгаа. Ямар нэмэлт гэхээр тус хуульд эдийн засгийн механизмуудыг оруулж өгч байгаа. Хог хаягдлыг зөвхөн хог гэдгээр нь харахгүй, жишээлбэл, цаасыг хэрэглээд хаяхдаа хог гэдгээр нь харахгүй, цаасыг цуглуулдаг сүлжээг бий болгох, цаашаа түүнийг нь авдаг газруудыг бий болгох хөшүүргүүдийг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр яригдаж байгаа байгаль орчны нөөцийг дахин ашиглах эдийн засгийн механизмийг оруулж байгаа юм. Хорин жилийн өмнөх хоолны хаягдал одоогийнхоос өөр байсан. Жишээлбэл, бид талх идлээ гэхэд талхнаас зөвхөн үүрмэг гардаг байсан. Үүнийгээ бид шувуунд өгдөг, тэгээд хоггүй байлаа. Гэтэл одоо бидэнд талхны гялгар уут, гялгар уутны амыг боосон целлиод гарч ирж байна. Шинэ хуулийн төсөлд бид хог үүсгэгч нарыг үүрэгжүүлсэн шинэ заалтууд оруулж ирэх шаардлагатай гэдэг үүднээс ахуйгаар гарч байгаа маш олон төрлийн хогнууд, мөн үйлдвэрлэлээс гарч байгаа янз бүрийн хогнууд дээр нэг бүрчлэн тэр материалын амьдралын схемыг хуульчилж өгөх хэрэгтэй болсон. Тэр утгаараа бид шингэн, хатуу, аюултай хог хаягдал зэрэг бүх хогийг бүхлээр нь авч үзэхийг зорьсон.

-Манай улсын хүн амын 5 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг та ахлан ажиллаж байгаа. Энэ хуулийн онцлог нь юу бол. Бас юугаараа тэр хүмүүст илүү хэрэгтэй вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боловсруулагдан, Засгийн газраас өргөн барьсан хууль байгаа. ХАХНХЯ өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг оруулж байгаагүй. Энэ бол анхдагч хуулийн төсөл. Яагаад анхдагч гэж үзэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийнх нь тухай хууль юм. Энэ хүн ийм эрхтэй, энэ эрхийг нь зөрчвөл ялгаварлан гадуурхалт болно гэдгийг тунхаглаж байгаа учраас тухайн хүний эрхийг хамгаалах заалтууд орно. Жишээлбэл, бид дохионы нэвтрүүлэгчгүй мэдээ, ярилцлага нэвтрүүлдэг. Энэ маань сонсголын бэрхшээлтэй хэн нэг хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Сонсголгүй хүнийг улам илүү бэршээлтэй болгож байгаа тэр зүйлийг нь нийгмийн саад бэрхшээл гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид нийгмийн талаасаа саад бэрхшээлийг багасгах хууль батлах хэрэгтэй болж байна. Ингэхээр цаг үеийн мэдээ, Ерөнхийлөгчийн үг хэлэх, УИХ-ын чуулган гэх мэт бүх иргэдийн авах ёстой мэдээлэлд бид дохионы хэл ашиглах ёстой. Гадны улс орнуудад мэдээ, мэдээлэл 100 хувь иргэддээ хүрсэн байх ёстой гэсэн хуультай учраас жишээлбэл CNN нэвтрүүлгээ бичгээр, дохионы хэлээр давхар дамжуулдаг. Би энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд, хүний эрхийн хуульчаар олон жил ажилсан хүнийхээ хувьд юуг илүү анхаарья гэж бодож байна гэвэл ялгаварлан гадуурхалтыг багасгах, алга болгох энэ чиглэлд хуулийн заалтуудыг илүү тодорхой зааж өгье гэж бодож байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн дээд чуулган болж байна. Та яагаад дахин нэр дэвшсэнгүй вэ?

-Ер нь бол эмэгтэй удирдагч, эрэгтэй удирдагчийн халаа сэлгээний асуудал их өөр гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг олон мянган жилийн турш удирдагч гэж харахгүй, туслах гэж харсаар ирсэн юм байна. Эрэгтэйчүүдийг шууд удирдагч гээд хараад явчихсан. Монголын түүх, дэлхийн түүх гэхээр дандаа эрэгтэй хүмүүсийн түүх болоод байдаг. Ардчиллын түүх гэхээр дандаа эрэгтэй баатруудын түүх ч гэх юм уу. Ингээд харахаар эмэгтэйчүүд олноороо улс төрд ороогүй, удирдах түвшинд гарч ирээгүй, эмэгтэйчүүдийг удирдагч гэж ард түмэнд танилцуулаагүй учраас биднийг удирдагч биш гэж ойлгоод байдаг. Гэтэл удирдах чадвар бүгдэд маань байгаа. Тийм учраас дэлхий нийтэд эмэгтэйчүүдийг дэмжих хөдөлгөөн эмэгтэй хүн, эмэгтэй удирдагч нарынхаа халаа сэлгээг, дараагийн үеийг хурдан хурдан танилцуулж олон үеийг гаргаж ирэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Би дэлхий нийтийн энэ хандлагыг дагаад хэдийгээр надад хоёр дахь удаагаа нэр дэвших эрх байгаа боловч дараагийн үеийн эмэгтэй удирдагч нарыг хурдан танилцуулах, олноор нь гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулах үүднээс би хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлээгүй.

-Энэ холбоо ер нь намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад нь яаж нөлөөлж ирсэн юм бэ? Та тодорхой жишээ дурдаач

-2012 онд намын мөрийн хөтөлбөр боловсруулах үеэр бид ягаан хайрцганд эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ирсэн хүслүүдээ томьёолж бичээд оруулсан. Үүн дотор хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, соёл, газрын асуудал гээд бүх төрлийн саналууд гарч байсан. Бидний өгсөн саналуудаас ихэнх нь мөрийн хөтөлбөрт орж, хэрэгжээд явж байгаа.

-Та саяхан өөрийн твиттер хуудастаа нэр дэвшихгүй гэсэн агуулга бүхий зүйл жиргэсэн байсан. Сая бас залуу эмэгтэй удирдагчдыг төрүүлэхэд анхаарч байгаагаа дурдлаа. Монголыг дэлхийд таниулах ном бичихдээ цаг заваа зарцуулах гэж байна уу? Аль эсвэл өөр шалтгаан байна уу?

-Тэр бол цэвэр миний уран бүтээлийн сонирхлоор бичигдсэн мэдэгдэл л дээ. Уран бүтээлийн сонирхлын хажуугаар улс төрийн үүрэг хариуцлага давхар байгаа учраас намынхаа хурал дээр, намын гишүүддээ энэ талаар хараахан хэлээгүй байна. Хэлэх боломж ч надад олдоогүй байгаа. Энэ тал дээр ярихад би намын шийдвэр тодорхой хэмжээгээр надад нөлөөлөхгүй гэх газаргүй. Яг энэ үед бол юуг илэрхийлж байна гэхээр дараагийн үеээ тосч авахад бэлэн байна шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм.

-Гучин хувийн квоттой холбогдуулаад асуухад, 2012 оны сонгуулиар намын нэрсийн жагсаалтад эхний 10-т бичигдсэн эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн болсон. 28 нэр дэвшигчийн 9-10 нь эмэгтэй байна гэсэн үг. Гэвч үүнийг эрэмбэлж өгөөгүй л дээ хуульд. Энэ нь бэлэгдлийн шинжтэй 30 хувь юм биш үү?

-Энэ асуудлаар бүх намын эмэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй. Эхний 10-таа эмэгтэйчүүдийг хангалттай оруулаагүй намыг битгий дугуйлаарай л гэж хэлнэ. Шинээр батлагдсан сонгуулийн хуульд эмэгтэйчүүд нэг талаас хожсон, нөгөө талаас бас алдсан. Эмэгтэйчүүдийн квот 20 хувь байсныг 30 хувь болгож ахиц дэвшил гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд бидны квотыг 30 хувьд хүргэж, хэлсэн амандаа хүрсэн. Алдсан зүйл нь гэвэл нийслэл квоттой байсан бол нийслэлийн квот байхгүй болсон. Мөн аймаг, дүүрэг дээр квотгүй болсон. Одоогийн хуулийн зохицуулалтаар нэгэнт квотгүй байгаа зүйлийг нам бодлогоор нөхөх хэрэгтэй болж байна.

-Та УИХ-д сонгогдоод 2 жил нь сайд, 2 жил нь сул гишүүний албыг хашиж байна. Энэ хугацаанд бүтээл ном туурвив уу? Ингэж асууж байгаа нь 2008 онд таны гаргасан Ногоон нүдэн лам 8 жилийн хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар байна л даа.

-Сэм сэмхэн бүтээл туурвиад л байгаа. 2012 онд дөнгөж сонгогдсоныхоо дараахан Миний лобби гээд нийтлэлийн ном гаргаж байсан. 2013 онд Тарбазовар Батаарын тухай үлгэр гээд хүүхдийн ном гаргасан. 2015 онд Монголоо таниулья гэсэн аялал жуулчлалын ном гаргасан. Энэ оны эхээр монгол соёлын тухай ном гаргахаар бэлтгэж байгаа.

-Та сайд байхдаа монгол бичгээ бие даан сурч минутад 50 үг уншиж байгаа гэж байсан. Одоо хэдэн үг уншиж байна?

-Тэр хэмжээндээ байгаа их ахиц гараагүй. Гэхдээ өдөр бүр хуулан бичгээ хийж л байгаа.

-Дөрвөн жилийн өмнө соёлын аянг Та сайд байхдаа санаачлаад 4 сарын турш өрнүүлж байсан. Тэр аяны үр өгөөж нь одоо ингээд харад яаж нөлөөлсөн бэ?

-Би “Авьяаслаг монголчууд” гэдэг шоуг үзэж байхдаа их баярлаж байсан. Яагаад гэвэл тэр шоунд оролцож байгаа хүмүүс дотор яг соёлын биет бус өвийг өвлөн тээгч нар би энэ соёлыг ааваасаа, ээжээсээ, нутгаасаа өвлөн тээж ирсэн юм аа гээд оролцож байсан. Түүнийг л би үр дүн гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс юуг соёлын өв бэ гэдгийг мэддэг болсон. Биет бус соёлын өв гэж юу гэдгийг мэддэг болсон. Монгол улсын иргэн өөртөө ирсэн баялгийг мэддэг болж, хардаг болж, таньдаг болж, өвлүүлдэг болж гэж харагдаж байгаа юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна