АТГ-аас ташаа мэдээлэл өгчээ

2016 оны 1 сарын 19

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гё нарыг “Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр тооцон байцааж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдсан.

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх энэ тухай “Төмөр замтай холбоотой хэргийг шалгах нь зүйтэй гэж би үзэж байна. 2013 онд намайг энэ хэрэгт холбож байсан. Тиймээс би АТГ-т хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичигт “Дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн ” хэмээн мэдэгдсэн. Тэрээр одоо өрнөж байгаа үйл явдлын талаар мэдээлээгүй бөгөөд хоёрын жилийн өмнөх асуудлыг ярьсан билээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд өгсөн тодруулгадаа өөрийг нь сэжигтнээр тооцсон эсэх талаар мэдээлэл огт өгөөгүй.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан АТГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон АТГ-т давхар хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл үнэн ажээ. Өмнө нь энэ мэдээллийг тодруулахаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтантай холбогдоход “Дээрх нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр тооцож шалгасан зүйл байхгүй” гэсэн нь ташаа мэдээлэл байжээ. Дээрх хоёр албан тушаалтныг сэжигтнээр тооцон шалгасан нь үнэн болохыг эх сурвалж нотолж байгаа юм.

Олны анхааралд байгаа энэ хэргийн талаар АТГ-аас албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Р.ДЭНДЭВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна