Хойд Африкийг зорих жуулчдын тоо буурчээ

2016 оны 1 сарын 19

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчдын үйлдсэн халдлага дайралтын улмаас Хойд Африкийг зорих жуулчдын тоо буурчээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар өнгөрсөн 2015 онд Хойд Африкийг зорих жуулчдын тоо найман хувиар буурсан байна.

 

Шарм эль-Шейхээс хөөрсөн 148 хүнтэй Оросын нисэх онгоц сүйрснээр Египетийг зорих жуулчдын тоо эрс буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Тунисын “Bardo” музейд зэвсэгт этгээдүүд гал нээж, 22 хүнийг хөнөөсөн нь Европын жуулчдыг үргээжээ. Марокко улсын тухайд террорист халдлага гарах өндөр магадлалтайд тооцогддог аж.

 

Гэхдээ олон улсын хэмжээнд жуулчдын тоо 4.4 хувиар өсч, 1.18 тэрбумд хүрчээ. Жуулчдын тоо Европ, Америк, Ази, Номхон далайн бүс нутагт таван хувиар өссөн байна. Европт өнгөрсөн онд 609 сая жуулчин ирсэн нь 2014 оныхоос 29 саяар нэмэгджээ. Түүнчлэн Ази болон Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо хамгийн их буюу 13 саяар нэмэгдэж 277 саяд хүрсэн байна. Харин Ойрхи-Дорнодын жуулчдын тоо дөнгөж гурван хувиар нэмэгдэж, 54 сая болжээ.

 

Азийг зорих жуулчдын олонх нь Хятадад ирдэг тухай Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлж байна. Үүний дараа Япон, Тайланд зэрэг орнууд жуулчдыг ихээгр татдаг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна