Өмнөд Солонгост 76 МВт-ын салхин станцыг барина

2016 оны 1 сарын 19

Данид төв байр нь байдаг, дэлхийн томоохонд тооцогдох салхины генераторууд хийдэг Vestas компани 3,45 МВт-ын хүчин чадалтай, V112-3.45 маркийн 22 салхин сэнсний захиалгыг Өмнөд Солонгосын  Hanwha E&C компаниас авчээ.

Салхины хүчээр цахилгаан үйлдвэрлэх YEP парк байгуулах нь Hanwha E&C  компанийн хувьд анхных болох юм. Тус орны зүүн хэсгийн  Young Yang районд байгуулах уг парк нь Өмнөд Солонгост сүүлийн 10 жилд босгосон хамгийн том сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр болох юм.  Ирэх жилдээ багтаан  уг станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Vestas компани нь  төхөөрөмжийг нийлүүлж  угсрах ажлыг хариуцана.

«Hanwha E&C компанийн үйлчлүүлэгч болж байгаадаа баяртай байна. Тэд манай туршигдан шалгагдсан салхин сэнсүүдийн төхөөрөмжийг сонголоо” хэмээн Данийн компанийн Азийн салбарын төлөөлөгч Дэнни Нельсон  хэлжээ. Түүний хэлснээр даничууд станцын үйлчилгээг 15 жилийн турш хариуцан явуулах ажээ. Данийн энэ компани нийтдээ 225 МВт хүчин чадалтай салхин сэнсний станцыг Өмнөд Солонгост босгоод байгаа юм.

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна