Намын гишүүнчлэлийн асуудал талцалд хүргэв

2016 оны 1 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан дээрх хуулийн төсөлд намыг бодлогын болгож өөрчлөх, намууд гишүүнчлэлээр уралддагыг хязгаарлах зорилгоор зөвхөн нэг намд гишүүн байх. 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахгүй байх, намуудын данс шилэн болох зэрэг олон зарчмын өөрчлөлт тусгалаа олсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хямрал бий болсон гол шалтгаан бол улс төрийн нам. Нам хавтгайрсан гишүүнчлэлтэй болсон. Ардчилсан нам том намаа дагаад дүү нам шиг нь болсон, хуулдаг. Уг нь намын гишүүнчлэлгүй явах байсан. Нам нь болохгүй, бүтэхгүйгээ тулгаж хүлээлгэдэг, мэргэжлийн бус томилгоо хийдэг. Өмнө нь яамдын мэргэжилтнүүд өөр хүмүүс байсан. Өнгөрсөн цаг үеийн түүх, одоогийн цаг үеэ сайн мэддэг сайдтай байсан. Гэтэл одоо мэргэжлийн бус сайд нар мэргэжлийн бус хүмүүс дагуулж очдог. Салбарын ажил унагадаг, энэ нь хямрал руу түлхэж байгаа.

Хуулийн эхний алхам бол сумдыг гишүүнчлэлгүй болгох. УИХ-д очих хүн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Салбарт хийгдэж байгаа томилгоо нь намынхаа гишүүдийг сонгодог. Энэ нь төрийг сулруулж байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Орж ирсэн хуулиар 100 суманд намын салбар нэгж байгуулж болохгүй, 200 сум гишүүнтэй байхаар байгаа. Босгыг нь өндөр болгох хэрэгтэй, салбар нэгж байгуулахад гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох ёстой. Үүнийг өнөөдөр таслан зогсоохгүй бол үндэсний аюулгүй байдалд ч хортой. Сонгуулиар асар их мөнгө угаагддаг, хэдэн зуун тэрбум төгрөг эргэлддэг. Тэгэхээр намын байнгын гишүүнчлэлийг болих ёстой. Одоо олигархууд нэг нэгнээ шоронд хийдэг, хууль хүчний байгууллагыг ашигладаг болсон. Шоронд барьж хорьж, хууль хүчний байгууллагад биенээ өгч байгааг хар. Томоохон хууль оруулж ирмээр байна.

Ингэхгүй бол 2020 онд намууд нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх болов уу гэсэн хүлээлттэй, дайсагналцсан улсууд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Намын хатуу гишүүнчлэлийн асуудлыг өөр байдлаар зохицуулж орох нь зөв гэж үзэн, намын дэмжигч гишүүн гэсэн ойлголт байя гэж үзсэн. Намын дэмжигч гишүүн нь намын өмнө үүрэг хариуцлага хүлээхгүй, аль ч шатны сонгуульд нэр дэвшихгүй. Орон нутагт талцал, намчирхах үзэл хүчтэй байна гэж яригддаг учраас 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахыг хориглох заалт туссан. Ингэснээр 160 орчим суманд намын салбар нэгж байж болохоор байгаа. Гишүүнийг компанчилж элсүүлдгийг хориглож, бодлогын нам болгох зохицуулалт туссан. Гишүүн нь нэг намын гишүүнчлэлтэй байна. Ингэснээр одоо байгаа намын гишүүнчлэл 40 орчим хувиар буурна.

С.Бямбацогт: 3001-ээс доош хүн амтай суманд намын бүтэц байгуулахыг хориглож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг зөрчөөд байна?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хязгаарласан заалт байхгүй. Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдэлж байгаа нь энэ гээд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгааг хуулиар хязгаарлах ёстой гэж үзсэн.

З.Баянсэлэнгэ: Улс төрийн намын тухай хууль 4 жил яригдаж байгаад өнөөдөр орж ирлээ. Ерөнхийлөгч аль ашигтай хуулиудыг татаж аваад санаачилж оруулж ирээд байна. Бусад намуудын саналыг хэр авсан юм бэ. 3001-ээс доошгүй хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахгүй байхаар оруулж ирсэн нь зөв юм уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: С.Баярцогт гишүүний боловсруулж байсан хуулийн төсөл байсан, түүнийг татан авч судалсан. Намуудыг оролцуулсан хэлэлцүүлэг олон удаа зохион байгуулсан, орон нутагт мөн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна