С.Одонтуяа: Өрсөлдөөн ширүүн болсон

2016 оны 1 сарын 19

Өчигдөр АЭХ-ны дөрөвдүгээр чуулган болж шинэ тэргүүнээ сонголоо. Хоёр ч удаа дахисан энэхүү сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгч Б.Ургамалцэцэгээс нэг санал илүү авч тус холбоог тэргүүлэх эрхтэй болсон юм. Ингээд АЭХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-АЭХ-ны тэргүүн боллоо. Баяр хүргэе. Сонгуулийн үйл явц ямар байв. Хоёр дахин сонгууль явагдсан. Сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Өрсөлдөөн нэлээд ширүүн болсон. Намын доторх сонгууль гайгүй байх гэж бодсон боловч манай АН-ын эмэгтэйчүүд хүчтэй байлаа. Бид шударгаар өрсөлдөөд хоёр удаа санал хураасан. Эхний удаад би 319 санал өрсөлдөгч Б.Ургамалцэцэг 309 санал авсан боловч 50+1 аваагүй гэдгээр дахин санал хураалт эхэлсэн. Ингээд 315 саналаар АЭХ-ны тэргүүнээр сонгогдлоо.

-Сонгууль дөхөж байна. АЭХ-ны зүгээс ямар зорилго чиглэлээр сонгуульд оролцох вэ?

-Улс төрийн намын хамгийн том зорилго бол сонгуульд ялалт байгуулах байдаг. Тиймээс бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдээ зохион байгуулж орно гэдэг бол маш том үүрэг хариуцлага юм. Энэ сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутаг, сум, дүүрэгт ийм квот тусгагдаагүй ч эмэгтэйчүүд олон болох уриалгыг өчигдөрийн чуулганаар дэвшүүлсэн. Зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана.

-Ойрын зорилго бол эмэгтэйчүүд амжилт үзүүлэхэд оршиж байна гэж ойлголоо. Тэгвэл холын зорилго юу вэ?

-АН-ын Монгол хүн 2020 хөтөлбөр дотор эрүүл чийрэг монгол эмэгтэй, эрдэм боловсролтой монгол эмэгтэй, ажилтай орлоготой монгол эмэгтэй гэдэг мөрийн хөтөлбөр байгаа. Энэ бол урт хугацааны хөтөлбөр учраас цаашид хэрэгжээд явна.

-Өчигдөр сонгууль явагдаж байх үед нэр дэвшигчид мөнгө тараасан гэх мэдээлэл сошаил ертөнцөөр тарсан. Энэ үнэн үү?

-Тийм утгатай мэдээ яваад байсан. Би бас твиттер фейсбүүкээр харсан. Ер нь эмэгтэйчүүд бид шударга өрсөлдөж байж эрчүүддээ үлгэр дууриалал болно. Аливаа улс төрийн намуудад үлгэр дууриалал болно. Би бол шударга өрсөлдсөн. Харин бусад нэр дэвшигчид тэглээ ингэлээ гэсэн нотолгоо байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өрсөлдөөн нэлээн ширүүн болсон.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна