Дипломат албаны хуулийг өргөн барина

2016 оны 1 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2003 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд 2007, 2009, 2012 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын хэрэгцээ шаардлагатай уялдуулан биеийн тамир, спортын салбарын хүчин чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд салбар байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна гэж салбарын яам үэзж байна.

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барина

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын хоёр болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн түвшинд  өрнөж буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ, гишүүний хувиар гүйцэтгэх үүрэг байнга нэмэгдэж байна. Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох, тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч байна.

Товч мэдээ

  • Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн хүн эмнэлэгт улсын нөөцөөс олгох “УАЗ-22069” маркийн автомашины хуваарийг баталж, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 600 сая төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
  • “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-г хэлэлцэн дэмжээд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
  • “Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа. “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан энэ дүрмийг шинэчлэх шаардлага гарсан байна.
  • Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг хавсралтаар баталлаа. Ингэснээр тээврийн болон соёлын үйл ажиллагаанд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хүндрэл учрахгүй бөгөөд соёлын биет өвийг аюулгүй зөөж тээвэрлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх үүрэг тодорхой болно гэж үзэж байна.  
  • “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 55 дугаар тогтоолын 1.5-д “Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах” гэснийг ”БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулах” гэж өөрчиллөө.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Улсад Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар З.Батбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна