Б.Содгэрэл шүүгчтэй маргалдан тэмцээнээс хасагджээ

2016 оны 1 сарын 19

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хүч сорьсон Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Содгэрэл шүүгчтэй маргалдсаны улмаас тэмцээнээс хасагджээ. Тэрбээр хагас шигшээ тоглолтод энэ жингийн аварга Н.Шинэбаяртай оноолт таарсан бөгөөд тоглолтын дундуур өрсөлдөгчөө мөргөжээ. Үүнд нь дэвжээний шүүгч сануулга өгөхөд тэрбээр шүүгчийн хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, улмаар шүүгч рүү гар далайсан юм. Шүүгч ялалтыг өрсөлдөгчид нь өгсөн.

Б.Содгэрэлийн хувьд боксын спортын гэр бүлд өссөн тамирчин юм.

Түүний гаргасан үйлдлийн талаар гавьяат дасгалжуулагч, АIBA-гийн хамгийн өндөр зэрэглэлийн буюу гурван одтой шүүгч Ц.Нандигжаваас тодруулахад "Б.Содгэрэлийг ийм алдаа гаргасанд харамсч байна. Тэмцээний зохион байгуулагчдын дүрмийн дагуу арга хэмжээ авч рингнээс шууд буулгасан. Хүрэл медаль хүртсэн ч шагналыг нь өгөөгүй. Тухайн тамирчын зөв байлаа ч шүүгчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэх эрх дэвжээн дээр байдаггүй. Боксын холбоо зохих арга хэмжээг нь авч сахилга, шийтгэл хүртээх байх. Содгэрэлийн аав Баттөр бол Монголын боксын спортын түүхэнд гавьяа байгуулсан хүн. Мэргэжлийн тамирчны хувьд үнэхээр ёс зүйгүй алдаа гаргалаа" гэсэн юм.

Ч.БОЛОР 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна