Хууль бусаар алт олборлож эхэлжээ

2016 оны 1 сарын 19

Төв аймгийн Заамар сумын Улаан Шивэртийн аманд олборлолт явуулдаг “Авдарбаян” компаниас өөрийнх нь эзэмшлийн талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хэргийн талаар мэдээллээ.

Хэргийг тодруулбал, 2012 онд “Авдарбаян” компанийн эзэмшлийн 55 гектар талбайг Урт нэртэй хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцаж байна гэж үзэн эрхийг нь цуцалжээ. Гэвч сүүлд лавлагаа гаргуулахад Урт нэртэй хуулийн ашиглахыг хориглосон талбайтай давхцаагүй гэх хариу гарсан байна. Ингээд уг газрынхаа эрхийг сэргээлгэхээр хөөцөлдөж эхэлжээ. Гэтэл энэ талбайд “Мондулаантрейд” компани ямар нэг бичиг баримтгүйгээр 2015 оны 12 дугаар сарын дөрөвний өдрөөс хөрс хуулж эхэлсэн нь тогтоогдсон байна. Энэ дагуу “Авдарбаян” компаниас Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудад хандсаны хариуд “Мондулаантрейд” компанид 13 сая төгрөгийн торгууль тооцож, үйл ажиллагаа зогсоох шаардлага хүргүүлсэн ч өдгөөг хүртэл хууль бус ажлаа зогсоохгүй байгаа гэв.

Энэ асуудлаар Заамар сумын засаг дарга Д.Болормаа, сум дундын цагдаагийн хэлтсийн дарга нарт хандсан ч хууль бус үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж чадаагүй гэв. “Мондулаантрейд” компани бичиг баримт зөвшөөрөлгүйгээр хөрс хуулалтын ажил хийж, өнгөрөгч бямба гаригаас алттай шороог тээвэрлэж, зөөх, угаах ажлыг эхлүүлсэн гэлээ. Орон нутагт энэ мэт хууль бус олборлолтын ажиллагаа болж байгааг Уул уурхайн яам, төр засаг анхааралдаа авахыг энэ үеэр сануулж байлаа.

Б.ЗАЯА
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна