Паптай уулзахдаа цагаан хувцас өмсөхийг зөвшөөрчээ

2016 оны 1 сарын 19

Монакогийн хунтайж Алберт, гүнж Чарлин нар Ватиканд албан ёсны айлчлал хийжээ. Дэлхийн хамгийн жижиг хоёр улсын хоорондох айлчлалын үеэр зөвхөн гүнж Чарлинд Пап Фрэнсисийн нэгэн адил цагаан хувцас өмсөхийг зөвшөөрчээ. Ингэснээр гүнж Чарлин Ватиканд Папын адил цагаан хувцас өмссөн долоо дахь хүн болж байгаа юм байна. Түүнээс өмнө Ватиканд айлчилсан тэргүүн хатагтай нар Испанийн хатан хаан София, Бельгийн хатан хаан Паола, Люксембургийн гүнгийн эхнэр Мариа Тереза, Испанийн хатан Летизиа, Неаполийн гүнж Мариа нар Паптай уулзахдаа цагаан хувцас өмсч байжээ. Энгийн үед Ромын Паптай уулзахад эмэгтэйчүүд энгэр нь битүү, урт ханцуйтай урт хар даашинз, хар малгай өмсөх ёстой байдаг гэнэ. Ватикан дахь айлчлал нь Зимбабвед төрсөн, усанд сэлэлтийн тамирчин асан гүнж Чарлины дөрөвдэх айлчлал юм. Монакогийн гүнж Чарлин хэдийгээр протестант гэр бүлд төрж, өссөн ч өнгөрсөн жил Ромын католик шашинд урвасан билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна