С.Бямбацогт шүлэг тэрлэдэг болсон уу?

2016 оны 1 сарын 19

УИХ-д дууны шүлэг бичсэн хэд, хэдэн гишүүн бий. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэргийдээ зориулж “Зангаараа амраг” дууны шүлгийг бичсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн олонд хүргэсэн “Толин хул” дууны үгийг зохиосон гэх нь бий. Гэхдээ энэ дууны үг маргаан дагуулсаар ирсэн. Шүлэгч гишүүдийн буухиаг залгуулав уу, эсвэл бусдын зохиосон шүлгийг уншсан уу, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдод зориулан шүлэг уншив. Тэрээр:

АН-ын дарга маань

Байшин зардаг барилгачин

Барьцгүй залдаг илтгэгч

Түшээдийг загнадаг дарга

Түмнийг гонсойлгодог горьдоогч

Цэцийн дээр гарсан хөх тэнгэр

Телевизийг удирддаг удирдлага

Засгийг мэддэг Ерөнхий сайд

Зээл мэддэг банкир болсон

Хурлын дэг сахиулагч биш

Хуулийг зоргоороо өөрчлөгч болсон

Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч

Бие жижиг ч бэлчээр томтой

Бүгдийг захирагч хаан болсон гэв.

Шүлгийн хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Манай гишүүдийн шинэ авьяас илэрч, шүлэг зохиодог боллоо. “Болор” цомын бүртгэл эхэлснийг Н.Батбаяр гишүүн сануулж байна" хэмээн ёжлон хариуг ч часхийтэл өгсөн юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна