Д.Булганы хамтаар хэдэн хүн сэжигтнээр татсанаа нууцалж байна

2016 оны 1 сарын 19

Улсын Прокурорын ерөнхий газарт “Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр эхэлж байна. Тус зөвлөгөөнөөр аймаг, сум, дүүргийн прокурорууд өнгөрсөн онд хэчнээн хэргийг, хэрхэн яаж шийдвэрлэсэн тоон мэдээллээ нэгтгэж, энэ онд ямар арга ажиллагаагаар ажиллах вэ. Цаашид прокурорын байгууллагын үйл ажиллагаа буюу прокурорын хяналт дор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй хэргийн талаарх мэдээллийг нээлттэйгээр хэрхэн олон нийтэд мэдээлэх вэ зэргээ ярилцаж, тодорхойлох юм байна. Ингэж тогтсон дүрэм, журмын дагуу мэдээллийг олон нийтэд түгээхгүй бол шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, сэжигтнээр татагдан шалгагдаж буй тодорхой хүмүүсийн нэр төр, эрх чөлөөтэй амьдрахад халдах эрсдэлтэй үйл ажиллагааг прокурорын байгууллага явуулдаг гэж Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат тайлбарлалаа. Мөн ирэх есдүгээр сараас Улсын Их хурлаар шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллага цаашид гэмт хэрэгтэй тэмцэхдээ шинэ хуулийнхаа хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө хэлэлцэх юм байна. Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор прокурорын байгууллагад бүтэц, орон тооны өөрчлөлт хийх шаардлага тулгарчээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татаж, заримыг шүүхийн шийдвэрээр Авлигатай тэмцэх газар цагдан хорьж, хэргийг шалгаж эхэлсэн билээ. Одоогоор Г.Шийлэгдамба сайд асанд холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналт дор байгаа. Улмаар удахгүй тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокуророос шийдэх юм байна. Харин Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татсан, гадагш явахыг эрхийг түдгэлзүүлсэн зэрэгт тодорхой хариултыг Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат өгсөнгүй. Тэрбээр одоогоор нэг ч Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт буруутган шалгаагүй гэж мэдэгдсэн юм.

Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Ингэхдээ прокурор, цагдаагийн байгууллагынхан хэргийн ганц гэрч Д.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцааж байна гэж эх сурвалж мэдээлсэн. Энэ мэдээллийг Г.Эрдэнэбат орлогч үгүйсгэж, ар гэрийнхэн нь сэжигтэнтэй уулзах албан хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах ёстой. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээн шалгах сэжүүр гарсан гэлээ. Мөн тус хэрэгт хэдэн хүн сэжигтнээр татаж, хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаа прокурорынхон нууцаллаа. Гэхдээ хуулийн хүрээнд, сэжигтний эрхийг хангаж дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буйгаа Г.Эрдэнэбат орлогч хэллээ.

Олныг сэрдхийлгэсэн өөр нэг хэрэг бол нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан явдал. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн энэ хэргийг эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа. Тус хэргийн бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буйг Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээллээ. Харин усанд живж амиа алдсан гэх талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, өргөн хүрээнд үргэлжилж байгааг Г.Эрдэнэбат орлогч тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна