Академийн ерөнхийлөгч Оскар цагаан байгаад харамсав

2016 оны 1 сарын 19

Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын наадамд нэр дэвшигчдийг зарлаад удаагүй байгаа энэ үед нэгэн хэл ам дэгдэж, газар авч байна. Тэр нь юу гэвэл “Оскар”-т нэр дэвшигчид голдуу цагаан арьст жүжигчид байгаад өөр нэгэн өнгийн арьсны бүлгийнхэн ихэд эгдүүцэж, цахим сүлжээгээр #OscarsSoWhite буюу #Оскар хэтэрхий цагаан байна гэсэн хэллэг тараад байгаа юм. Гэвч ийм хэрүүл анх удаа гарч байгаа хэрэг биш бөгөөд өнгөрсөн жил ч бас цагаан арьст уран бүтээлчид “Оскар”-ын гол шагналуудыг авсан гэдэг хэл ам гарч байсан. Харин энэ жил жүжигчин Уилл Смитийн эхнэр Жада Пинкет Смит, Спайк Ли нар “Оскар хэтэрхий цагаан байна” гэцгээж, “Оскар”-ын наадамд оролцохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Нийгмийн сүлжээгээр #Оскар хэтэрхий цагаан байна хэллэг тарсны дараа Америкийн кино академийн ерөнхийлөгч Черил Бүүн албан ёсоор мэдэгдэл гаргасан байна.

Америкийн кино академийн ерөнхийлөгч мэдэгдэлдээ "Энэ жил нэр дэвшсэн бүтээлүүд гайхалтай бүтээлүүд болсон гэдгийг хэлье. Уран бүтээлчдийнхээ ололт амжилтыг магтахын хажуугаар шагнагдахаар жинхэнэ сайн бүтээлийг хамруулж чадаагүй бол  би харамсч байна. Энэ бол маш хэцүү бас чухал асуудал. Нөгөө талаар энэ бүхэн том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна. Академи гишүүнчлэлдээ өөрчлөлт оруулах зоригтой алхам хийж байгаа” гэсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна