Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын аваргууд тодорлоо

2016 оны 1 сарын 19

Өвлийн хүйтэн, жавар танчигнасан энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын төлөөлөл болсон баг тамирчид маань Зэвсэгт 2016 оны өвлийн спортын аварга баг, тамирчдаа шалгарууллаа. Өвлийн спортын энэ уралдаан тэмцээн нь цэрэгжлийн спортын салшгүй хэсэг бөгөөд эрүүл чийрэг, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход чухал үүрэгтэй. Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний нэгдсэн дүнгээр өвлийн спортын 3 төрөлд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 311 дүнгээр ангийн баг тамирчид бусдыгаа манлайлан оролцлоо. Харин Цэрэгжилтийн өвлийн спортын 2 төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн баг тамирчид эзэллээ. Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож "Салбарын сайдын хувьд цэрэг хүний тэсвэр хатуужил, сүлд хийморийг харуулан ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж тэргүүлсэн цэрэг эрсээ шагнаж урамшуулж байгаад баяртай байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, баг тамирчид улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж байсан түүхэн уламжлалтай. Хамгийн ойрын жишээ дурдахад, Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн, Үндэсний их баяр наадамд өнөөдөр Зэвсэгт хүчний тамирчид өнгөлж, тэргүүн байранд шалгарч байна. Энэ нь манай цэрэг эрсийн бэлтгэл сургуулилт ямар өндөр хэмжээнд байгааг илтгэх нэг чухал арга хэмжээ юм. Зэвсэгт хүчинд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 120, 311, 123 дугаар ангиудад биеийн тамирын заал, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Цэрэг-спортын цогцолбор” барилгыг тус тус үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа билээ. Мөн Зэвсэгт хүчний 3 анги, байгууллагыг чийрэгжүүлэлтийн тренажёр, 6 ангийг гимнастикийн болон биеийн тамирын хэрэгслээр хангасан. Цаашдаа Зэвсэгт хүчинд биеийн тамир,спортыг хөгжүүлэх үйл хэрэгт Батлан хамгаалах яамны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Ингээд Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллага, баг тамирчид та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Тэмцээний хаалтын өдөр ЗХЖШ-ын удирдлагууд ажилтан, алба хаагчид "Эрүүл агаар-эм" өдөрлөг зохион байгуулсан. Тэд эрүүл агаарт нэг өдрийг өнгөрөөж тэмцээн уралдаан зохион байгуулж байв.

Б.БАТ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна