Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барилаа

2016 оны 1 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.19/ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нарын нэр бүхий 20 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналыг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.

Улсын Их Хурлын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл хэмээн Улсын Их Хурлын даргад тайлбарласан юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна