Баварийн шагнал хүртсэн монгол бүсгүй

2016 оны 1 сарын 19

Монгол бүсгүй Борхүүгийн Үйзэнмаа Германы кино урлагийн томоохон шагнал болох Баварийн Кино Урлагийн дээд шагналын Шилдэг залуу найруулагчийн номинацийн эзэн болж, шуугиан тарьсан мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдав. Оскар, Алтан Бөмбөрцөг, Канн гэх мэт шагналуудад анхаарлаа хандуулж суудаг хүн бүрийн чихэнд энэхүү Баварийн хэмээх тодотголтой шагнал содон туссан билээ. Иймээс энэхүү наадмын талаарх товч мэдээллийг эхлээд хүргэе.


Баварийн Кино Урлагийн Дээд Шагнал

1979 оноос хойш 38 жилийн туршид тасралтгүй Германы Бавариа мужийн Мюнхень хотноо уламжлал болон зохион байгуулж буй тус улсын Засгийн Газрын нэрэмжит кино наадам юм. Ингэхдээ, жил бүрийн нэгдүгээр сарын дундуур Мюнхень хотын Кувиллес театрт өнгөрсөн жилийнхээ Германы кино театруудын дэлгэцнээ цацагдсан бүхий л кинон дундаас хамгийн онцгой хосгүй бүтээлүүдийг тодруулдаг байна. Засгийн газрын ивээл дор болдог учир жил бүрийн шагналын сан 400,000 евро байдаг бөгөөд хамгийн өндөр шагнал болох 200,000 еврог шилдэг продюсер шагналын эзэн, харин бусад ялагч нарт тус бүр нь 10,000-25,000 еврогийн мөнгөн шагнал оногддог байна. Мэдээж дээрх мөнгөн шагналаас гадна хошин урлагийн нэгэн төрөл болох Пиерротийн дүрс бүхий баримлыг ялагч болгон хүртдэг байна.

Тэгвэл энэ жилийн Баварийн кино урлагийн дээд шагналыг Монгол бүсгүй хүртсэн нь эх орныхоо болоод хилийн чанадад ажиллаж амьдарч буй бүхий л элэг нэгтнүүдээ баярлуулсан үйл явдал болов. Тэрээр шилдэг шинэ залуу найруулагчийн шагналыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-ны өдөр Германд нээлтээ хийсэн, өөрөө найруулж өөрөө гол дүрд нь тоглосон “Schau Mich Nicht So An” буюу “Над руу битгий ингэж хар” киногоороо хүртжээ.

Залуу уран бүтээлчийн хувьд энэ нь түүний анхны бүтээл биш бөгөөд, үүнээс өмнө хэд хэдэн баримтат богино хэмжээний кинон дээр ажиллаж байсан байна. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг Пиеррето баримал болон 10,000 еврогийн хамтаар гардан авсан байна. Гэхдээ энэхүү кино нь эзэндээ шагнал дагуулсан эхний удаа нь энэ биш аж.

Учир нь Б.Үйзэнмаа энэхүү бүтээлээрээ өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Мюнхэний Кино Фестивалиас мөн л тэргүүн байр эзэлж “FIPRESCI” шагналын эзэн болжээ.

Ийнхүү авьяаслаг монгол бүсгүй өнгөрсөн онд өлгийдэн авсан бүтээлээрээ өнгөрсөн оныг амжилт дүүрэн үдэж, энэ жилийг ч мөн адил түүнээсээ дутахгүй олз омогтой угтлаа.

Түүний уран бүтээл хувь хүний онцлог юу байв?

“Schau Mich Nicht So An” киноны хувьд гол дүрийн жүжигчдийн нүцгэн тавилттай үзэгдлүүд хэд хэдэн удаа гарах боловч, энэ нь зураач хүн нүцгэн моделийн биеийг харж зурдагтай агаар нэг зүйл болжээ.

Найруулагчийн зорилго нь эмэгтэй хүнийг болоод хүний оршин буй төрөлх бодь чанарыг элдэв хачиргүйгээр үзүүлэх гэсэн нь санаа нь ийнхүү өндрөөр үнэлэгдэхэд нөлөөлсөн бололтой. Түүнээс гадна тэрээр үзэл бодол өөрийн зан ааш, монгол философиороо бусад үндэстнээс ялгагдаж буй нь уран бүтээл дээр нь илрэлээ олсныг харахад энгийн бүсгүй ур чадвараараа өвөрмөцөөр үнэлэгдсэний шалтгаан байж болох юм.

Б.Үйзэнмаа шагнал авахдаа "Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй" хэмээн хэлсэн үг нь үзэгчид болон тэрхүү мэдээг уншин суусан олон монголчуудыг бахархлыг төрүүлсэн нь энэ мэт урлагийн өвөрмөц сэтгэхүйтэй хүнээс гарах нь дамжиггүй гэмээр боловч, хэдий гадаадад багаасаа амьдарсан болсон боловч Монгол мөн чанараа алдаагүй байгаа хүмүүжилтэй нь холбоотой мэт.

Монгол иргэнээ, монгол урлагаа ийнхүү олон улсын анхаарлын төвд аваачихад бид яавч өөрсдийн мөн чанараа гээж болохгүйг Б.Үйзэнмаа нотлон харуулав. Нэгдүгээрт эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсны дээр, хоёрдугаарт тэрээр Монгол хүн байгаагүй бол тэрхүү бүтээл нь ингэж амилаа ч уу, үгүй ч үү.

Хэрвээ монгол хүн өөрсдийн сэтгэлгээний онцлог ялгаануудыг хаяж гээлгүйгээр хийж буй ажил уран бүтээлдээ тунг нь олж тусгавал хүрч болохгүй шагнал гэж байхгүйг баталсан нэгэн хөдөлмөрч бүсгүй Монголчуудын танил боллоо.

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна