МУИС NBA-гийн жишигт хүрсэн заалтай боллоо

2016 оны 1 сарын 19

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын танхим NBA-гийн жишигт нийцэн шинэчлэгдлээ. Энэхүү заалны нээлт өнөөдөр(01.19) боллоо.

NBA (АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны дэвжээ болох модон шалыг (Connor sport) ийнхүү тус сургуулийн спортын танхимд суурилуулжээ.

Нийт 800 м2 бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорт корт нийлүүлэн тус компанийн мэргэжилтний удирдлаган дор Юнимат компанийн суурилуулалтын баг угсарсан байна.

Хойд Америкт ургадаг агч мод нь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Коннор спорт кортын шал неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шал юм.

 

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТАВИГДСАН ШАЛ БОЛОХООР ТАМИРЧДЫН АМЖИЛТ УЛАМ САЙН АХИНА

МУИС-ийн оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат хэлэхдээ “Бид бүхэн өнөөдөр баяртай байна. Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох NBA-гийн стандарт нийцсэн шалыг Америкийн компанийн лицензийн дагуу МУИС авч хийлээ. Энэхүү агч модон шалыг суурилуулахад маш нарийн ажиллагаа байдаг юм байна. Заалны чийгшилт хүртэл хамаатай. Суурь шал нь хэдэн см байх вэ гээд маш нарийн стандартын дагуу байдаг. Монголд анх удаа хийж байгаа учраас хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил байлаа. Энэхүү шалыг үйлдвэрлэдэг компаниас хоёр удаа шалгалт хийж, зөвшөөрөл өгсөн. Шалыг Юнимат компанийн суурилууллаа. Бид өнгөрсөн хавраас эхлэн шалны бэлтгэл ажлыг хийсэн. Энэхүү талбай дээр тоглож буй тоглогчид зөвхөн МУИС-ийнх биш байх болно. Энэ бол Монгол Улсад анх удаа тавигдсан шал болохоор тамирчдын маань амжилт улам сайн ахина гэдэгт итгэж байна. Самбар, цагираг, гэрэл гээд шинэчлэгдсэн зүйл их байна. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа.” гэсэн юм.   

 

Энэхүү агч модон шалыг суурилуулахад одоогоор 300 сая орчим төгрөг гараад байгаа юм байна. Цаашид заалны тохижилтыг бүрэн хийнэ гэдгийг дуулгалаа.

Мөн энэ үеэр энэхүү шалыг хийсэн Юнимат ХХК-ийн захиарал Ч.Түмэнжаргал хэлэхдээ: “Монголын ирээдүйн манлайлагчдийг төрүүлдэг улсын ууган их сургуульд Коннорспортын агч модон шалыг анх удаа амжилттай нийлүүлж, суурилуулсандаа бид чин сэтгэлээсээ баяртай байна. Ирээдүйн дэлхийн аварга болох Монголын хүүхэд залуус маань дэлхийн стандартад нийцсэн спортын дэвжээн дээр бэлтгэл сургуулилтаа хийдэг болж байгаад туйлын их баяртай байна. Энэ шал зөөлөвчтэй системтэй тул бэлтгэл сургуулилт хийх мөн цаашид спортын амжилт гаргахад тамирчны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Цаашид холбогдох төрийн болон олон нийтийн байгууллагууд олон улсын стандартад нийцсэн спортын шалтай болох тал дээр түлхүү анхаарна гэж найдаж байна. Мөн бид ч гэсэн дээрх Яам, агентлаг болон спортын холбоодуудтай хамтран ажиллахад бэлэн байна.” гэлээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд. Коннор спорт корт интернэйшнл (Соnnor Sport Court) нь АНУ-ын спортын дэвжээний тэргүүлэгч бөгөөд NBA (Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо), USTA (АНУ-ын теннисний холбоо), FIVB (Олон улсын волейболын холбоо), US Youth Futsal (АНУ-ын залуучуудын футзалын холбоо) болон USA Volleyball (АНУ-ын волейболын холбоо) зэрэг холбоодын албан ёсны дэвжээг хийдэг байна.

Коннор спортын кортын Монголд суурилуулсан шал нь Неошок буюу полиуритан зөөлөвчтэй агч модон шал юм.

МУИС-ийн спорт заал анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй байсан байна. Ийнхүү МУИС-ийн Эдийн засгийн сургууль АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны албан ёсны түнш Коннор спортын агч модон шалтай боллоо.

Ч.БОЛОР

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ФОТО АГШИН:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна