Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

2016 оны 1 сарын 20

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


 

Хэл ба сэтгэхүйн хамаарал

Б гэгч хүн тархиндаа бодсон зүйлээ Х-д хэлж, эсвэл бичээд уншуулж байж л тэр хоёрын хооронд ойлголцол үүсдэг. Амаараа хэлэх, эсвэл бичих хоёрын аль аль нь хэл. Ингэж хэлээр дамжуулахгүйгээр Б-гийн юу бодож, сэтгэж байгааг хэн ч мэдэх аргагүй. Тэгэхээр хэл гэдэг бол хүн тархиндаа бодсон зүйлээ гадагш илэрхийлэх хэрэгсэл байх нь.

Иймд хэл, сэтгэхүй хоёр нь салшгүй холбоотой. Гэхдээ энэ “салшгүй” холбоо нь конвенциаль шинжтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ хоёр детерминант холбоогүй гэсэн үг. Энэ нь бас юу гэсэн үг вэ? Ингээд гадаад нэр томъёо хэрэглээд ойлгомжгүй юм яриад эхэлдэг юм шүү гэж бодов оо. Жаахан тэвчээд дараах тайлбарыг уншаад үз.

Хэл, сэтгэхүй хоёрын хооронд гарцаагүй, бие биенээсээ шалтгаалсан холбоо байхгүй гэсэн үг. Чухамдаа талхыг юу ч хэмээн нэрлэж болох бөгөөд тэр нь талх хэвээр л үлдэнэ. Хэл бол конвенциаль зүйл. Ө.х. хоорондоо тохиролцож байгаад ямар нэг үг зохиож, нэр оноож болдог гэсэн үг. “Талх” гэсэн үг нь Азийн энгэрт буй 3 сая хүнтэй нэг жижиг үндэстний тохиролцоо, “хлеб” гэдэг нь Европ, Азийг дамнан оршсон 150 сая орчим хүний конвенци, тэгвэл “bread” гэдэг нь тэртээ алсад арал дээр амьдардаг 60 сая хүний хоорондын convention байх жишээтэй.

Сэтгэхүйн бяцхан туршилт хийе: Уншигч та “талх” гэдэг үгийг 20-иос доошгүй удаа давтан хэлээд үз. Тэгэхэд аяндаа юу хэлж буйгаа мэдэхээ болино. Хэл сэтгэхүйн хооронд шалтгаант буюу детерминант холбоо байдаггүй ажээ. Зайлшгүй холбоотой байсан бол хэд ч хэлсэн утга нь алдагдахгүй байсан.

 

Уран донгодогч хөхөө” бүр “философич шар шувуу” биш

Тэгэхээр хэлний баялгийг сэтгэлгээний баялаг хэмээн үзэж болохгүй нь. Амьдрал дээр хичнээн уран сайхан ярьдаг ч агуулга багатай зүйл ярьдаг, хичнээн дуу цөөнтэй ч нэг үг хэлэхдээ маш их агуулгатай, мэдээлэл зөөсөн зүйл хэлдэг хүн цөөнгүй байдаг. Тэгэхээр уран донгоддог хөхөө болгон философич шар шувуу биш (Өрнийн орнуудад философийг шар шувуугаар бэлгэддэг).

 


“Зарим хүн бодчихоод ярьдаг бол зарим нь ярьчихаад боддог.”


 

Тэгээд ч үгний болоод ойлголтын түвшинд харьцах, харьцаанд ороод нэгнийгээ ойлгох чадвар нь харьцагч хүмүүсийн тархинд дохионы 1, 2-р системийн аль нь давамгайлж байдагтай холбоотой. Жиллез Дэлюзэ, Феликс Гуатари хэмээх франц философичдийн What is Philosophy? хэмээх номон дээр “философич хүн бол үгний бус ойлголтын найз” хэмээн тодорхойлсон нь үүнийг хэлж буй хэрэг.

 

Хэл бол символ (тэмдэг)

Тэгэхээр хэл гэж юу юм бэ гэсэн асуултыг дахин тавъя. Хэл гэдэг бол сэтгэлгээний материалжсан илэрхийлэл гээд хэлчихэж болж байна. Тухайн нэг үгийг сонсох юм уу уншаад түүгээр дамжиж буй хийсвэр санааг хүн хүлээн авдаг. Ө.х. “хэл-яриа” гэсэн материаллаг зүйлийг сонсоод “санаа” гэсэн материаллаг бус зүйлийг тархиндаа хүлээн авдаг байх нь.

Үг буюу хэл нь тэмдэг (символ) гэсэн үг. Тэмдэг нь тухайн зүйлийнхээ тусгал биш учраас гадаад байдлаараа тэр зүйлтэйгээ адил байх албагүй. Тиймээс символыг хүлээн авсан хүн хийсвэрлэх шаардлагатай. Герман-АНУ-ын антропологич, философич Э.Кассирер (1874-1945 он) “Хүн бол тэмдгийн амьтан” хэмээн хэлсэн утга нь ердөө энэ.

Хэл бол тэмдэг гэсэн санааны хялбарчилсан жишээ. Замын хөдөлгөөний тэмдэгүүд нь цаад зүйлтэйгээ заавал адил байх албагүй. Гэхдээ тэр тэмдэгийг харсан жолооч маш олон утгыг хүлээн авдаг.  

 


Бид зөвхөн тэмдгээр л сэтгэдэг.  Жак Деррида (Францын философич. 1930-2004 он)


 

Хэл, сэтгэхүйн хоорондын барьер (саад бэрхшээл)

Ер нь тэгэхээр сэтгэлгээ гэж юу вэ? Хамгийн товчоор, “Оюун ухаан өөрийгөө ухамсарлах явдал” гэж болно. Оюунт хүний үндсэн шинж бол өөрийгөө хэр сэтгэн бодож буйг ухамсарладаг явдал мөн. “Би энд сайн сэтгэлээ”, “би энд юу ч бодож чадсангүй” гэх мэтээр. Бүр цаашилбал хэр ойлгож буй хийгээд эс ойлгож буйгаа ойлгох, ойлгосон ойлголтоо ойлгох гээд бүр гүнзгийрч болно. Цаашлах тусам рефлектив шинж нь (өөрийн ухамсрыг ухамсарлах шинж нь) гүнзгийрнэ.

 


Бусдыг мэдвэл ухаантай, Өөрийгөө мэдвэл цэцэн.  Лао-ци (Даоизмыг үндэслэгч. ХТӨ 6-р зуун)


 

19-р зуунд хэл сэтгэхүйн хооронд дахь холбоо болон барьерын талаарх маргаан Германын бизнесмэн, марксист философич Ф.Энгельс, мөн Германын философич, улс төрийн эдийн засагч, механикийн ухааны профессор, Берлиний Их сургуулийн приват доцент Е.Дюринг нарын дунд явагдсан.

Ф.Энгельс: Бүх сэтгэлгээ үгээр илэрдэг.

Е.Дюринг: Үгээр илрэхэд хүнд, үгээр илрэх боломжгүй сэтгэлгээ бий.

Тэгээд Дюринг эргэлзэж булзалгүйгээр шууд зарлахдаа “үгээр илэрдэг сэтгэлгээ бол бүдүүлэг сэтгэлгээ” гэв. Үүнийг нь Энгельс мушгин “Тэгвэл үггүй сэтгэдгээрээ амьтан л хамгийн сайн сэтгэдэг болж таарах нь” гэсэн.

Хэл сэтгэхүй хоёр нь салшгүй холбоотой боловч цагаан цаасны ар өвөр тал шиг зүйлс биш. Нэг нь (сэтгэхүй) тодорхойлогч, нөгөө нь (хэл) тодорхойлогдогч зүйлс. Ө.х. сэтгэхүй нь агуулга, хэл нь хэлбэр. Сэтгэхүйгүй бол хэл нь зүгээр нэг авиа төдий зүйл. Амьтад ч уурлах, баярлах эмоцио илэрхийлсэн, гэхдээ ямар ч сэтгэлгээ илэрхийлээгүй авиаг маш сайн илэрхийлдэг (архирах, гийнах гэх мэтээр).

Хэл нь сэтгэхүйгээ олигтой илэрхийлэхгүй, таарч тохирохгүй байх нь олонтаа. Тийм ээ, Дюрингийн зөв байжээ.

* * *

* * *

Бидний сэтгэлгээ хэдий чинээ нарийн ээдрээтэй байна, үгээр илэрхийлэхэд төдий чинээ хүнд аж. Шавь нар маань “Багш аа, би ойлгож байна л даа, гэхдээ хэлж чадахгүй байна” гэдэг нь үнэнээ л хэлж буй хэрэг (зарим нэг зальтай оюутныг эс тооцвол шүү дээ). Профессоруудын хувьд ч ийм бэрхшээлтэй тулгарах нь олонтаа. Тэд сэтгэлгээгээ үгээр илэрхийлж чадахаа болихоороо шохойгоо шүүрэн самбар руу очдог. Энэ бол тухайн профессорт ойлголт байгаад байдаг, харин тэр ойлголтонд нь тохирсон үг олдоогүй учраас зурах, схемлэх аргаар тэр ойлголтоо илэрхийлэх шаардлага тулгарсан гэсэн үг. Өөрийн бодол санааг 100% илэрхийлнэ гэдэг ерөөсөө боломжгүй зүйл, харин маш энгийн, хялбар зүйл бодож байвал ингэх боломжтой байж болох юм.

 


Үгээр илэрхийлэгддэг дао бол мөнхийн дао биш.  Лао-ци


 

Лао-ци. ХТӨ VI зууны үеийн Жоу династын үед амьдарч байсан Хятадын философич. Даоизмыг үндэслэгч. Жинхэнэ нэрийг нь Ли-Эр гэх бөгөөд хожим “Өвгөн багш” буюу Лао-ци гэгдэх болсон. Лао ци-г ариусаж, гэгээрсэн хүн хэмээн үздэг байв. Өрнөдөд түүнийг Күнз, Будда нарын хамтаар “Эртний Дэлхий дахины үеийн Дорнын 3 их мэргэн” хэмээдэг. 

Гол бүтээл нь Дао-ди жин (Зам мөр, түүний хүч). Улс төр, ёсзүй болон метафизикийн асуудлыг авч үзсэн хоёр дэвтэртэй. “Дао” нь маш ээдрээт категори юм. Энэ бол хүний ойлгохуйн хувьд чанагуухи зүйл. Дао-г ву (эс оршихуй) тодорхойлдог тул ву-вэй-гийн (эс үйлдэхүйн) дагуу байж л дао-г гадарлана. Энэ нь “юу ч бүү хий” гэсэн үг биш, харин байгальд бол түүнтэй зохицон амьдрах, нийгэмд бол нийгмийн гэрээнд орохтой ойролцоо утга илэрхийлнэ. Юмс үзэгдлийн аяндаа явж буй зүй тогтолд хүчээр хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Аяндаа бий болсон эмх журам буюу spontaneous order.

Лао-циг ордны номын сангийн эрхлэгч байхад үнэн хийгээд баттай мэдлэгийг эрэлхийлж явсан залуу эр ирж уулзсан бөгөөд тэр хүн нь Күнз байв. Хожмоо энэ хоёр мэргэний үндэслэсэн сургаал сөрөн зогсох болсон.

Хүмүүсийн амьдралд дур гутсан Лао-ци 80 эргэм настай байхдаа нийгмээс дайжиж элсэн цөл рүү яваад сураггүй болсон гэдэг.


Яг энэ утгаар нь 20-р зууны сүүлийн хагаст дэлхийд хамгийн нөлөө бүхий философичдын нэгд тооцогдож байсан Х.Хадамэр (Герман. 1900-2002 он) философийг “үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан” гэж тодорхойлсон билээ. Тархинд нь философийн нарийн ээдрээт ойлголтууд байгаад байдаг, гэтэл яг таг илэрхийлсэн үг олдохгүйн зовлонг Хадамэр ихээхэн амсжээ. Цаад утгаа сайн илэрхийлсэн үг гэдэг бол философийн хувьд маш үнэт олдвор юм.

* * *

Сэтгэлгээ бол хүний амьдралын шат-гишгүүр, зам харгуй мөн.

* * *

Философийн хувьд ч гэлтгүй ахуйн хүрээнд ч ийм тохиолдол багагүй гардаг. Жишээ нь, оросуудын “совесть” хэмээн хэлдэг зүйлийг нэрлэх монгол үг олддоггүй. “Хүн чанар”, “мөс чанар”, “хүний мөс”, “энэрэх сэтгэл”, “чин сэтгэл” гээд аль нь ч болж өгдөггүй. Зарим нь бүр сүүлдээ “байхгүй юмыг нэрлэх аргагүй, монгол хүнд совесть байхгүй юм чинь түүнийг нэрлэсэн үг яаж байх юм” гэсэн тайлбар ч хийдэг.

Хэл, сэтгэхүйн хооронд ихээхэн барьер байдгийн энгийн жишээ. Нэг үгээр олон зүйлийг тэмдэглэх болоод олон үгээр нэг зүйлийг тэмдэглэж байна. “Бөх” гэсэн ганц үгийг сонссон хүн юу гэж ойлгох вэ? Бөх батын тухай ярьж байна уу, эсвэл барилддаг хүний тухай юм уу. Тэмээний бөхний тухай ч байж болно. Нөгөө талаас, саван дээр тавьдаг нэг л зүйлийг яагаад “тогооны таг”, “халив”, “таглаа” гэх мэт олон үгээр тэмдэглээд байна вэ?

Ингээд хэл, сэтгэхүйн тухай “ээдрээт” өгүүллээ төгсгөе. Сэтгэлгээгээ хэр гаргасан нь молхи бичээч миний хэлнээс хамааралтайгаас гадна хэлийг хүлээн авах уншигч-таны сэтгэлгээнээс хамааралтай нь үнэн билээ.

 

Жич: Энд дохионы хэл, амьтны хэл, биеийн хэл (body language), амьтны “сэтгэлгээ”, төрлөх хэлний (дотоод ба гадаад хэл; хэл “урган төлждөг”) тухай Н.Чомскийн онол гээд уншсан, сонссон дуулсан бүхнээ бичвэл хэт нуршуу зүйл болохоос гадна сэтгэхүйтэй холбогдох утгаас нь хөндийрөх гээд байсан тул орхив.   

 

 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна