76 хуулиар дархлагдлаа

2016 оны 1 сарын 20

Шинэхэн баталсан Сонгуулийн хууль өнөөдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн гарсан байх учиртай. Арванхоёрдугаар сарын 25-нд батласнаас хойш эрэл сурал болоод ч олдоогүй энэ хууль хэвлэл, мэдээллийн амыг барьж, шинээр сонгогдогсдод бараг л боломж олгоогүй буюу өнөөгийн парламентчид өөрсдөдөө зориулсан хууль байжээ. Сонгуулийн сурталчилгааг санал авахаас 18  хоногийн өмнө эхлүүлж нэг хоногийн өмнө дуусгана. Ердөө 17 өдөр л сурталчилгаа явуулна гэсэн үг. Газар нутаг томтой, дэд бүтэц хөгжөөгүй аймагт дэвшигч бол тойргоо ганц удаа тойрч чадахгүйгээр сонгуультай золгох нь. Дээр нь өөрийгөө таниулах сурталчилгаанд нь элдэв хориг, хавх бишгүй олон.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн наад захын шалгуурт тэнцээгүй хүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон нь ч тодорхой болж байна. Тус байгууллагад шүүхээс ч илүү эрх мэдэл энэ хуулиар олгожээ. Хуулийн 5.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэж заасан байх юм. Аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээллийнхээ бодит үнэнийг нягтлан магадалж, буруутай бол шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг нь өнөөгийн нийгмийн жам ёсны үзэгдэл.

Бохир улс төрийн гүжир, гүтгэлгээ хуулиар чөдөрлөх оролдлого хийхийн оронд хямд үнэ тогтоон байгаад хүссэнээ “нулимах” л бодлогоор хууль санаачлагчид хандаж.

Гэтэл үнэн мөнийг нь шүүх бус “шударга өрсөлдөөнийхөн” тогтоох нь. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан төлбөрт нэвтрүүлэг, мэдээ, мэдээллээр далимдуулаад амыг нь барьчих айхтар заалт нь энэ.

Дээр нь “70.17.Энэ хуулийн 70.1.6, 70.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж буй. 70.1.6-д нь юу гэж заасан бэ гэхээр “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” гэж байгаа. Хуурамч мэдээллийг нь мөнөөх “шударга” байгууллага тогтооно. Үүнд нь үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо хаана.

Мэдээллийн сайтуудын хувьд энэ нь 70.18-аар үйлчилнэ. Тэрхүү заалтад “Энэ хуулийн 70.1.6-д заасныг зөрчсөн цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо  зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж бий.

Харин 70.7-д нь “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж. Аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл эфир болоод зай, талбай, сайт бол мэдээ, нийтлэлээ урьдчилан төлөвлөдөг. Тиймээс тухайн цаг, талбайгаа гаргаж өгөхийн тулд зайлшгүй гэрээ хийх шаардлагатай. Гэтэл үүнийг нь хориглож байна. Тэгсэн хэрнээ сонгуулийн сурталчилгаа явуулах бол сарын өмнө мэдэгдсэн байх ёстой гэсэн заалтыг хийгээд өгчихсөн байгаа юм. Энэ тухай 82.8-д “Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж бий.

Цаашаа харвал, 70.10.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно гэж мундаг заалт бий. Бодит гэхээсээ илүү хоосон магтаал, зусар, зулгуй үгсээр дүүрэн сурталчилгааны материалыг нь та бурхны авдар дээрээ залахаас өөр арга үлдэхгүй нь. Гал асааж, цай, кофе асгаж, гээж үрэгдүүлбэл нэр дэвшигчийг дорд үзсэн хэрэгт унаж мэдэх нь.

Нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаагаа хэвлэлийн гурван хуудасны хэмжээгээр сонин, мөн тооны хэвлэлийн хуудасны хэмжээтэй сэтгүүлд хэвлүүлж болно гэсэн заалт бий. “Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгох аж.

Нэр дэвшигчдэд ингэж сурталчилгааг нь хязгаарласан мөртлөө “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” өөрсдөө хүссэн бүхнээ хэмжээ хязгааргүй сурталчилах боломжтой болгожээ.

Хэвлэл мэдээллийн салбарт оршин тогтнохуйн үндэс нь тухайн үзэгч, уншигчдынхаа хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гэхдээ өнөөдөр уншигчдын захиалга, үзэгчдийн хандалтаар оршин тогтнох боломжгүй болохоор гол ашгаа сурталчилгаанаас олдог. Энэ утгаараа ашгийн төлөө байгууллага. Тиймээс сурталчилгааныхаа тарифын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан тогтоох ёстой. Харин үүнийг хууль санаачлагчид өөрсдөдөө ашигтайгаар “82.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэж заажээ. Ингэхдээ баталгаажуулах үүднээс сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээллийг гаргаж өгөх аж. Харин энэ бүхнээ ирүүлээгүй бол сонгуулийн сурталчилгаа явуулах эрхгүй хоцрох нь. 

Сонгууль ойртох тусам өрсөлдөгчөө намнаж, элдвийн гүжир гүтгэлэг явуулахыг хичээдэг нь улстөрчдийн араншин. Үүнийг нь өөрсдийн хэмжээнд таслан зогсоож, багасгах үүднээс жирийн бараа, бүтээгдэхүүний сурталчилгаанаас өндөр тарифаар хэвлэл, мэдээллийн байгууллага үйлчилдэг нь нууц биш. Ингэлээ гээд улстөрчдийн зүгээс гардаг ганц шүүмжлэл нь “захиалгаар бичлээ, хаалтын гэрээ байгуулдаг” гэж орилдог. Үнэндээ өрсөлдөгчөө намнах бохир, захиалгат нэвтрүүлэг, нийтлэлээ тэд өөрсдөө өндөр үнэ төлөөд ч хамаагүй цацуулдаг нь бас л үнэн. Бохир улс төрийн гүжир, гүтгэлгээ хуулиар чөдөрлөх оролдлого хийхийн оронд хямд үнэ тогтоон байгаад хүссэнээ “нулимах” л бодлогоор хууль санаачлагчид хандаж.

82.14-т “Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг мэдүүлэхгүй байх, өөрсдийнхөө  идсэн, уусан, хариуцлагагүй үйлдлээ гаргуулахгүй, муулуулахгүй байх арга хэмжээ авсан нь энэ. Хэрэв энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол бас л хаана. Сурталчилгааны журмыг эрх баригчдын гар хөл болдог гэдгээ Ерөнхий сайдын амралтын газрын талаар бичсэн сайтыг хааснаар харуулсан байгууллага сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг батлах гэнэ. Түүнд нийцэхгүй бол бас л хаана.

Хэрэв сэтгэгдлээр хэн нэгэн бусдыг доромжилсон, гүтгэсэн эсвэл “худал” мэдээлэл бичвэл түүгээр нь далимдуулж шууд тухай сайтыг хаах заалт энэ хуульд бас бий. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчөө намнах гэсэн нөхөр интернэт кафед ороод сэтгэдэл биччихлээ гэхэд түүнийг олох боломжгүй. Харин олдохгүй бол тухайн сэтгэгдэл орсон сайтыг нь хаах нь. Өөрсдөөс нь өөр хүн сонгогдох, шүүмжлэх боломж үнэндээ алга.

Ийм л байдлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх гээд хүний үндсэн эрх, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон айхтар хуулийг баталж өөрсдийн дархлаагаа тогтоожээ. Сонгогчдын эрх ашиг ярьж явсан хүн ийм хууль боловсруулна гэж яаж мэдэх вэ?!

Асуудал ингэж л шийдэгдэж. Амаа үдүүлэхгүй гэвэл ийм хуулийг Үндсэн хуулийн манаачид өгөх л үлдлээ дээ.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна