Хятадын эдийн засгийн өсөлт 25 жилд анх удаа буурав

2016 оны 1 сарын 20

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс гэгдэж буй Хятадын эдийн засгийн өсөлт 2015 онд өмнөх оныхоос 1.4 хувиар буурсан нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон асар том эдийн засгийн өсөлт ингэж саарч байгаа нь дэлхий даяар хөрөнгө оруулагчдыг түгшээж эхэлжээ. Бээжингийн удирдлагууд энэ онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байх прогноз гаргасан. Хятадын ерөнхий сайд Ли Көцян хангалттай ажлын байр бий болсон учраас эдийн засгийн өсөлт удааширсан ч тэсч гарна хэмээн ярьсан байна.

Хэдийгээр Бээжингийн эрх баригчид үнийн хөөсрөлт байхгүй гэж байгаа ч зарим шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт статистик дүнгээс ч илүү доошилсон гэж хардаж байгаа юм.

Эдийн засгийн шинжээчдийн хэлж буйгаар эдийн засгийн өсөлт 6.8 хувиас доош буурахад л эдийн засаг тогтворгүй болох эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлдэг.

Хятадын статистикийн үндэсний товчооноос гаргасан дүнгээр эдийн засгийн өсөлт нь 2015 оны дөрөвдүгээр улиралд 6.8% -аас хальтрах шахсан юм. Эдийн засагчид Хятадыг эдийн засгийн өсөлтийг цаашид хангахын тулд хэрэглээнээс илүү үйлдвэрлэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд тасралтгүй, эрчтэй өссөн Хятадын эдийн засаг сүүлийн хоёр жилийн хугацаанд саарч байгаа нь илт боллоо. Хятадын төв засгийн газар ч мөн дан ганц экспорт, хөрөнгө оруулалтад суурилах биш, хэрэглээ үйлчилгээнд түшиглэж, эдийн засгаа солонгоруулах алхам хийхээр зорих болсон юм. Гэсэн хэдий ч ийм өөрчлөлт хийхэд сорилттой тулгарчээ. Зарим шүүмжлэгчид Хятад хэрэглээнд суурилсан эдийн засаг бий болгох гэж хичээж буй нь алдаа гэж үзэж байгаа юм. Тэдний хэлж буйгаар Хятад эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх гэж оролдохын оронд эдийн засгийн өсөлтийг цаашид хангахын тулд үйлдвэрлэлдээ анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

"Хэрэглээ өндөр байх нь эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хангаж чадах ч өсөлтийн гол хөшүүрэг болсон ДНБ-ний өсөлтийг хангаж чадахгүй.” Гэж “HSBC”-ийн шинжээч Жонн Зу ярьсан байна. Тэрбээр цааш ярихдаа Хятад эдийн засгийн одоогийн өсөлтөд хүрэх гэж асар их хөрөнгө оруулалт хийсэн. Мөн хэрэглэээ, үйлчилгээнд суурилах замаар эдийн засгаа тэнцвэржүүлэхийг хичээж байна. Гэвч эдийн засгийн өсөлтийг хүчээр бий болгох гэж оролдох нь эргээд маш аюултай үр дагавар авчирна” гэжээ.

Хятадад найтаахад дэлхий даяар хатгаа авна гэдэг хэллэг санхүүгийн зах зээлд улиг домог болтол яригдаж байна. Үүний жишгээр Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт хөрөнгө оруулагчдын хандлагыг илт өөрчилсөн бөгөөд санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн тоо баримтууд нөхцөл байдал мөддөө сайжрахгүй гэдгийг харуулж байна. Шулуухан хэлэхэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь гэнэтийн зүйл биш байсан юм.  Харин Хятадын Засгийн газар үүнийг одоо л олон нийтэд зарлаж байгаа бөгөөд төрөөс санхүүжилтэй үйлдвэржсэн эдийн засгаа хэрэглээ, үйлчилгээнд суурилсан эдийн засаг болгохоор зорьж байгаа юм. 2014 онд хэрэглээ, үйлчилгээ Хятадын эдийн засгийн 48.5 хувийг бүрдүүлж байсан бол 2015 онд 50.5 хувь болж өссөн юм. Гэвч Хятад улс цаашид эдийн засгийн өсөлтөө хангаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдэж байна.

Эдийн засгийн шинжээчид Хятадын эдийн засгийн тоо баримтад итгэхгүй байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт улам буурч байгаа гэж таамаглаж байгаа юм. Хятадын бүс нутгийн эдийн засгийн тоо баримтаас харахад өсөлтийн саармагжилт нь Хятадын засгийн газраас танилцуулсан үзүүлэлтээс хамаагүй доогуур байгаа билээ.

Хөдөлмөрийн зах зээл, жижиглэн худалдаа, үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ бол эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард болон энэ сард Хятадын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон жижиглэн худалдааны дүн таамаглаж байснаас тааруу үзүүлэлттэй гарсан.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард 5.9 хувьтай гарсан нв арваннэгдүгээр сарынхаас 6 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин жижиглэн худалдаа арваннэгдүгээр сард 11.3 хувьтай байсан бол арванхоёрдугаар сард 11.1 хувьтай гарчээ.

Хятадын эдийн засгийн өсөлт 2015 онд Швейцари, Саудын Арабын эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй гарсан билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна