82 мянган иргэн хөнгөлөлт эдэлнэ

2016 оны 1 сарын 20

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг болсоор нэлээд хэдэн жил болж байна. Тодруулбал, анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг болсон.  Татварын буцаан олголтыг  өнгөрсөн онд нийт 71 мянга 493 иргэн эдэлж, нийтдээ 44.1 тэрбум төгрөгийг буцаан авсан байна. Жил ирэх бүр татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Жишээлбэл 2014 татварын хөнгөлөлт авсан иргэдийн тоо 2015 онд 12 орчим мянгаар нэмэгджээ. Энэ онд мөн л 10 орчим мянгаар татварын хөнгөлөлт эдлэх иргэний тоо өсөх хандлагатай байгааг татварын улсын байцаагч Ш.Энхжаргал хэллээ. Энэ жилээс татварын тайланг цахимаар авч эхэлсэн. Цахим сайт ачаалалгүй, хэвийн ажиллаж буйг байцаагчид тодотголоо. Харин татварын хөнгөлөлт эдлэх иргэд холбогдох материалаа өөрийн биеэр заавал харьяа аймаг, сум, дүүргийнхээ татварын хэлтэст авчирч өгөх ёстой гэнэ. Энэ жилийн тухайд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа аж. Одоогоор тус хэлтэст 2500 орчим иргэн татварын хөнгөлөлт эдлэхээр, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт 800 орчим иргэн татварын хувь буцаан авахаар, хандсан байна. Энэ нь аймаг, дүүргийн Татварын хэлтсийн ачаалал харилцан адилгүй байгааг илэрхийлсэн явдал гэлээ. Иймд ирэх сарын 15 ны дотор татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материал буюу төлбөр төлсөн баримт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн харьяа татварын байцаагч нартаа хандахыг зөвлөв. Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг. Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхэлж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдэлнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, нэг сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгоно гэсэн үг юм.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна