Ч.Сайханбилэгт барьсан “сар шинийн бэлэг”

2016 оны 1 сарын 20

Ерөнхий сайдаар томилогдсон анхны чуулганы хуралдаан дээр л Ч.Сайханбилэгийг “огцруулна шүү” хэмээн анхааруулах, айлгахын завсарт сануулж явсан УИХ-ын гишүүн Г.Уянга 20 хүний гарын үсэг бүхий огцруулах бичгийг өчигдөр өргөн барилаа.

Г.Уянга болон бие даагчид, Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар, МАН-ын 13 гишүүн дээр нь АН-ын Р.Амаржаргал нарын гарын үсэг бүхий огцруулах бичигт “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ” гэдгийг  дурдаад энэ нь Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл гэж онцолжээ. Гэхдээ огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж байсан.

Ийнхүү шинэ оны өмнөхөн “Монгол бизнестээ эргэн ирсэн”-ийг Улаанбаатараас бахархалтайгаар зарлаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засаг Оюутолгойн шалтагласан асуудлаар огцорч магадгүй улс төрийн нөхцөл үүслээ

Хэдийгээр огцруулах бичигт хөндөж тавьсан асуудал нь Оюутолгой мэт боловч чухамдаа нийслэлийн мандатыг нэмэх АН-ын санаачлагаас болоод Ардын намынхан Ч.Сайханбилэгийг сандлаар нь барьцаалахад хүрсэн гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл, хүн амын нягтширалтай холбоотойгоор хөдөөгийн найман тойрог буюу Увс, Ховд, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай  зэрэг аймгуудаас нэг мандатыг нь нийслэлд шилжүүлэх асуудалд МАН-ынхан эсрэг байр суурьтай байгаа бөгөөд энэ тохиолдолд тэд АН-д ялагдах нь гарцаагүй учраас л ийм улс төрийн акц үзүүлж буй хэрэг. МАН-ын хувьд хотод гэхээс илүү орон нутаг ялалт байгуулна гэж тооцсон бололтой. Эдгээр аймгуудын хувьд ерөнхийдөө "улаан" тойргууд гэж хэлж болохоор. "Сант Марал"-аас гаргасан хамгийн сүүлийн судалгааг харахад АН нийслэлд илүү, МАН хөдөөд илүү  хувьтай байгаа. Тухайлбал, хөдөөд АН 29 хувьтай байгаа бол МАН 30, нийслэлд АН 26 хувьтай байгаа бол МАН 15 хувьтай байна. Тэгэхээр мэдээллээс хол иргэд  МАН-ыг  мэдээлэлд илүү ойрхон иргэд  АН-ыг дэмжиж  байна гэсэн үг.   Угаасаа  ч Улаанбаатарт АН-ын рейтинг өндөр байгаа учраас хөдөөгийн мандатыг цөөлж, нийслэлийн мандатыг нэмэх нь Ардын намд ашиггүй  болохоор засгаар нь барьцаалж, шантааж хийж эхэлсэн нь энэ.

УИХ-ын 76 кнопын 35 нь АН-ынх. Харин 26 нь МАН-д харъяалагддаг. “Шударга ёс эвсэл” арав, ИЗНН хоёр, Хөдөлмөрийн үндэсний нам нэг, бие даагчид хоёр кноптой. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцлээ гэхэд МАН-ын бүлгийн 26 эсрэг кноп дарах нь мэдээж. Уригдаж орчихоод хөөгдөж гарсан тэдний сэтгэлийн шарх одоо ч аниагүй байгаа биз. Дээр нь ХҮН-ын дарга С.Ганбаатарыг, Ц.Даваасүрэн, Х.Болорчулууныг, “Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, Д.Тэрбишдавга, Ч.Улаан, Л.Цог нарыг нэмбэл Ч.Сайханбилэгийн эсрэг кноп  дарах 33 гишүүн байна гэж таамгаар тооцож болно. 

Гэвч, эсрэг кноп дарах нь нэгэнтээ ойлгомжтой байгаа энэхүү 33 кнопоос илүү УИХ-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд хэвээр үлдээхийг хүсвэл Ардчилсан намын даргын хувиар гишүүдээ хайрцаглахаас өөр аргагүй.

Дөрвөн жилийн турш өөр хороондоо зодолдсон АН-ынхан энэ удаад эв нэгдлээ хадгалж үлдэх нь хамгаас чухал байна. Тэр тусмаа АН-ынхан "авралгүй" дээ хэмээн тооцож суугаа сөрөг хүчний өөдөөс ядаж л гурван гуруугаа харуулчих хэрэгтэй.  Нөгөө талаар огцруулах үндэслэл хийгээд асуудал нь өөр болохоор тухайлбал,  Тавантолгой биш Оюутолгойн асуудлаар огцруулах бичиг өргөн барьсан болохоор Ч.Сайханбилэгт суудалтайгаа үлдэх найдлага бас чиг байна. Гол нь АН-ынхан Алтанхуяг шигээ ахиад “Шонхордчихгүй” л бол шүү дээ. Картаа сугалж гүйх, танхимынх нь тэргүүний асуудлыг хэлэлцэж байгааг мэдэхгүйгээр сайд нь хөдөө явах, нүд нь өвдөх гээд АН-ынхан юу ч сэдэж магадгүй барьцгүй хүмүүс.  Кноп дарсаны дараа л “ийм явдал болжээ” гэхээс кноп  дарахаас нь өмнө "тэднийг ингэнэ” гэж урьдчилан тооцоход бэрх.

Тийм болохоор Н.Алтанхуяг шигээ ахиад мурихгүй гэсэн баталгаа бага ч Ч.Сайханбилэгээ хамгаалж үлдэх эв нэгдэл тэдэнд байгаа гэж найдъя.  Одоо АН-ынхан Их хурлаа хуралдуулж эв нэгдлээ баталгаажуулж авах хэрэгтэй. Харин тус намд Л.Эрхэмбаяраас илүү чанга, хатуу генсек хэрэгтэй байгааг энэ дамшрамд зөвлөхөд буруудахгүй биз.

Хэрэв З.Энхболд хэвлэлд удаа дараа өгсөн ярилцлагадаа дурдсан шиг нь Шийдлийн  засаг Ч.Сайханбилэгийнх биш Ардчилсан намынх мөн юм бол тэр өнөөдөр засгаа аврахаас өөр аргагүй болж байх шиг.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ч.Сайханбилэгийн засаг хэзээ мөдгүй нуран унах тун эрсдэлтэй хийгээд эмзэг цэг  дээр байлаа. Тавантолгойн асуудлаас болж намын  даргаасаа “Аятайхан байгаарай” гэх анхааруулга цөөнгүй хүртсэн түүнийг Ерөнхий сайдаас нь огцруулах асуудал нэг бус удаа хөндөгдсөн. Ямар сайндаа л намынх нь генсек хүртэл “Ерөнхий сайдын огцрох үгүй нь өөрөөс нь хамаарна” гэж том дуугарч байх вэ. Л.Эрхэмбаярын энэ үг бол Тавантолгойн төсөл та нарынхаар явахгүй шүү гэсэн З.Энхболдын анхааруулга байв. Тиймээс ч Тавантолгойн төслийг Ч.Сайханбилэг дахиж хөндөөгүй, энэ төслийг өнөөгийн парламентын үед эдийн засгийн эргэлтэд оруулахгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болчихлоо.

Харин одоо Оюутолгойн асуудлаар АН-ын засгийг огцруулах бичгийг Г.Уянга гаргаж тавьж байна. Энэ бол өнөөдөр ҮЗХ-ны хурлаа хийхээр товлосон АН-ынхан дунд шидэж буй МАН-ын “яс”, Ч.Сайханбилэгт барьж байгаа сар шинийн “бэлэг” юм. Илүү тодорхойгоор хэлбэл, Гацууртын ордыг гацаасны шан байж ч болохоор.

Хэрэв З.Энхболд хэвлэлд удаа дараа өгсөн ярилцлагадаа дурдсан шиг нь Шийдлийн  засаг Ч.Сайханбилэгийнх биш Ардчилсан намынх мөн юм бол тэр өнөөдөр засгаа аврахаас өөр аргагүй болж байх шиг.

Тэгээд ч Оюутолгойн асуудлаас болж Шийдлийн засгийн газраа татан унагаавал одоо монголчуудтай хэн ч бизнес хийхгүй гэсэн үг.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд гарын үсэг зурсан мэдээ дэлхийгээр нэг түгж, олон улсын банк, санхүүгийн томоохон байгууллагууд энэ төсөлд итгэл үзүүлэхээр шийдсэн нөхцөлд, эдийн засагт сайнаар нөлөөлөх энэ төслийг шалтгаан болгож засгаа оролдох нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч л болох байх даа.

Өнөөдрийн тухайд эдийн засаг талаасаа ч, улс төрийн талаасаа ч Ч.Сайханбилэгийг огцруулах нь сайныг авчрахгүй нь лавтай. Тэр тусмаа сонгууль хаяанд тулчихаад байхад засгаа нураавал Ч.Сайханбилэг биш З.Энхболд ялагдана гэсэн  үг. Ардын намынхны хувьд Ардчилсан нам ахиад засгаа “агнаасай” гээд алга үрээд сууж байгааг хэн мэдлээ. Тиймээс л Ерөнхий сайдаа аврах нь ч, агнах ч ахиад л цэвэр АН-аас тэр тусмаа “Шонхор”-оос шалтгаалахаар болчихлоо. Тэгэхээр одоо АН-ынхан Ч.Сайханбилэгээ татаад авах уу, түлхээд хаях уу гэдгийг нь ирэх өдрүүдэд харах л үлдэж байх шиг.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна