Н.Энхтөр: Таван жилд хийх ажлыг бид жилийн дотор хийсэн нь том амжилт

2016 оны 1 сарын 20

Боловсролын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн хөтөлбөр Сэлэнгэ аймгийн сургуульд хэрхэн хэрэгжиж буй талаар тус аймгийн лаборатори IV сургуулийн захирал Н.Энхтөртэй ярилцлаа.

-Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд танай аймагт хэрхэн хэрэгжиж байна. Ажлын явц ямар байна?

-Улсын хэмжээнд боловсролын чанарт шинэчлэл хийгдэх бодлого хэрэгжиж байна. Энэ жилийн хувьд, ахлах анги буюу бүрэн дунд боловсролын шинэ хөтөлбөрийг турших ажил руу орж байна. Өөрөөр хэлбэл, ахлах сургуулийн хөгжлийн чиг хандлага дээр тулгамдсан асуудлаа ярьж, хэлэлцэн, семинар сургалтаа явуулж байгаад баяртай байна.  

-Суурь болон бага боловсролын цөм хөтөлбөрийн  хэрэгжилт ямар байна. Лаборатори сургуулийнхаа онцлогийг товчхон танилцуулаач?

-Өнгөрсөн жил энэхүү шинэ хөтөлбөрийг туршаад хэрэгжүүлсэн. Манайх лаборатори сургуулийн хувьд, Сэлэнгэ аймагтаа харьяалагддаг Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн түүчээ болж байдгаараа онцлогтой. Тиймээс бидний чанартай сайн хийхыг зорьж байгаа ажил бол шинэчлэлийн хөтөлбөр. Бид шинэчлэлийг туршин үзэж, бусад сургууль руугаа дамжин хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Одоо бид ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр лүү орж байна. Ахлах ангийн хувьд, бага болон суурь боловсролын туршилтаас  илүү их бэрхшээл, хүндрэл ихтэй нүсэр ажил биднийг хүлээж байгаа. БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн хэлсэнчлэн бид бүхэн ямар ч улс орны таван жилийн ажлыг нэг жилийн дотор хийж гүйцэтгэсэн нь бидний том амжилт болоод байна. Тиймээс ч бидний шинэчлэлийн явц амжилттай хэрэгжиж байна гэсэн үг. Мэдээж, алдаж онох зүйл олон байсан.

-Сэлэнгэ аймаг хүн ам ихтэй. Сургуулийн хүрэлцээ хангамж, нэг ангид ногдох хүүхдийн тоо нь хэр байдаг бол. Танай сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?

-Хамгийн гол асуудал бол сургуулийн хүрэлцээ, хүчин чадал юм. Би өөрийнхөө сургууль дээр жишээ авч яръя. Манай сургууль 1040 сурагчтай, 440, 140 гэсэн хүүхдийн хоёр байртай. Тухайлбал, 600 гаруй хүүхэд суралцах сургуульд 1040 хүүхэд суралцаж байна гэсэн үг. Энэ ч утгаараа боловсролын шинэчлэл, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн эхэнд сургалтын орчинг бүрдүүлсэн байхгүй бол их хүндрэлтэй.  

-Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн багш бүрийг компьютерчуулах аянд танай сургууль хамрагдсан уу?

-Манай сургуулийн хувьд 45 багш зөөврийн компьютертай болсон. Энэ нь багш нарын ажлыг хөнгөвчилж, техник технологийн дэвшлийг  ашиглан сургалтын чанарт ихээхэн дэм өгч байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна