"Хариуцлага нэмэгдэж байгаагаас шагнал биш"

2016 оны 1 сарын 20

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо саяхан хуралдаж ерөнхийлөгчөө сонгосон. Тус холбооны шинэ ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

 

-АЭХ-ны тэргүүн болсноор эн тэргүүнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

 

-АЭХ Монгол Улс, Монголын эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийн асуу­далд манлайлж орол­цох ёстой гэж бодож байна. Бид НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусга­сан заалтуудыг хэрэгжүү­лэхийн төлөө ажиллах ёстой. АН 2020 он хүр­тэл Монгол хүнээ хөгжүү­­­лэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрийг гаргасан. Мөн бид “Монгол эмэгтэй-2020” хөтөлбөрөө боловсруулсан.

 

Үүнийгээ 2020 он хүртэл биелүүлэхээс гадна УИХ дээр сонгуулийн өмнө яаралтай батлуулах эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн тухай олон чухал хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Үүнийгээ батлуулахын төлөө ажиллана. Тухайлбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн эрхийг зөрчихтэй холбоотой бүх заалтыг маш сайн оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл, Гэр бүл хамгааллын тухай хуулиуд батлагдахад саадгүй болсон гэж болно. Үүний зэрэгцээ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа батлууллаа. Эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй Хамтын тэтгэврийн хуулийг ч батлуулж чадсан. Энэ бүх зүйлээ манай эмэгтэйчүүд хөдөө, орон нутагтаа сурталчилж ажиллах ёстой. Үүнээс гадна дотооддоо хийхээр төлөвлөсөн ажлууд бий.

 

-Хуралдаанд орон нутгаас оролцсон эмэгтэйчүүдийн зүгээс холбооны тэргүүндээ ойрын хугацаанд хийх ямар ажлын саналуудыг хэлж байна?

 

-Ардчилсан эмэгтэйчүүдийн хийх ажил тодорхой. Бид “Монгол эмэгтэй-2020” хөтөлбөртөө хийх шаардлагатай бүх асуудлаа тусгасан. Энэ хөтөлбөрөө үр дүнтэй, сайн хэрэгжүүлэх зорилго тавьсан. Хөтөлбөрийг маш сайн боловсруулсан гэж болно. Анх боловсруулахдаа бүх аймгаар явж хэлэлцүүлэг хийсэн чухал баримт бичиг учраас мөрийн хөтөлбөр дээр толгойгоо гашилгах эсвэл өөр зүйл сэдэж гаргаж ирэх шаардлагагүй. Манай эмэгтэйчүүдээс тавьж байгаа хамгийн гол санал бол тогтмол уулзаж, асуудлаа хэлэлцэж, байнгын уялдаа холбоотой ажиллахаа хэлсэн. Тиймээс би мөрийн хөтөлбөрөө “Хатуу дэд бүтэц ба ялалт”, “Зөөлөн дэд бүтэц баялалт” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдүүлж оролцсон.

 

-Мөрийн хөтөлбөрөө дэлгэрүүлэхгүй юу?

 

-АН-ын үед нийт 2656 км замыг барьсан. Зам барьснаар аймаг, нийслэлийн хооронд бага хугацаанд зорчих боломж нээгдсэн. Энэ утгаараа бид олон бүсийн чуулган, хэлэлцүүлэг, намын хурлуудыг ойрхон хийх боломжбүрдэж байгаа юм. Тиймээс үүгээр ялалтын нэг хэсэг гэдгээ илэрхийлсэн. Харин зөөлөн дэд бүтэц гэдэг нь нэн яаралтай интернетийн сүлжээ бий болгож, түүгээрээ цахим сургалт хийх, хоорондоо туршлага солилцох, нэгдсэн удирдамжаар хангахад боломж нөхцөл бүрдэж байгаа. Хаана байгаагаасаа үл хамаараад мэдээллийг цаг алдалгүй хүлээж авах боломжтой болсон. Бид энэ давуу талыг сайн ашиглаж чадвал ялалт байгуулахад дөхөм болох учиртай юм.

 

-Сонгууль дөхсөн үед та АЭХ-ны ерөнхийлөгч болж байгаа нь нэг талаас сонгуульд намын эмэгтэйчүүдээ бэлтгэх хариуцлагатай үүрэг ногдож байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

 

-Улс төрийн намын гол үйл ажиллагаа бол сонгуульд ялах юм. Тиймээс 2016 оны хүнд хэцүү сорилтыг бид хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо байгаа эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх талаар олон зүйлийг ярилцан, санал солилцож уриалга гаргасан. АН-аас сум, аймаг, дүүрэгт олон зуун эмэгтэй ажилладаг. АЭХ-ны хурал дүрмээрээ сум, аймаг, дүүргийн ИТХ-д суудал авсан төлөөлөгчид оролцох ёстой байдаг. Сая болсон холбооны хуралдаанд бүгдийг нь оруулахаар тоог нь гаргахад 1200 гаруй эмэгтэй суудал авсан тоо гарсан. Гэвч хуралд оролцох эмэгтэйчүүдийн тоо олон байсан тул квот олгоод 700 орчим эмэгтэй хүрэлцэн ирсэн.

 

Тэд бүгдээрээ аймаг, сум, дүүрэгт ялалт байгуулсан мундаг эмэгтэйчүүд байсан. Өөрөөр хэлбэл, энэ тоо эмэгтэйчүүд чадварлаг байгааг харуулж байна. Тэдэнд чадвар, чадал, хүсэл эрмэлзэл байна. Хамгийн гол нь бид нэгдсэн удирдлагаар хангах, гарын авлагууд бэлтгэж өгөх, тогтмол мэдээллээр хангадаг байх, сургалт явуулах зэрэг зүйл дээр сайн ажиллаж чадвал эмэгтэйчүүд маань дараа дараагийн сонгуульд манлайлах бүрэн чадвартай. Ер нь эмэгтэйчүүд цаанаасаа дайчин шинжийг агуулж байдаг. АН-ын эмэгтэй улстөрчид лидер эмэгтэйчүүд байгаа гэдэг нь уржигдар болсон хуралдааны үеэр харагдсан.

 

-АЭХ-ны ерөнхийлөгч болсноор ирэх сонгуульд АН-аас жагсаалтаар гарах боломжтой болох юм. Тэр утгаараа АЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн боллоо гэж дүгнэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар тайлбар өгөх бол?

 

-Энэ нь өөрөө их дутмаг ойлголт шүү дээ. Өмнө нь жагсаалтад байсан гишүүд жагсаалтад орохгүй гэдэг зарчимтай байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жагсаалтын ард зарим гишүүн нуугдаж орж ирлээ гэж шүүмжилдэг. Тиймээс эхний 10, 15-д заавал өмнө нь УИХ-д гишүүн байсан хүн орно гэдэг асуудлууд нам дээр яригддаг. Миний хувьд УИХ-д тойргоос сонгогдсон. УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргын хувиар жагсаалтад оръё гэвэл боломж бий. АЭХ-ны тэргүүн болсон ч, болоогүй ч надад боломж нь нээлттэй байгаа. Нөгөө талаас би Баянгол дүүргээс сонгогдсон. Дүүрэгтээ нэлээдгүй бүтээн байгуулалт хийж, олон эмнэлэг, сургууль барьж, дүүргийнхээ хөгжилд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр хөрөнгө оруулалт хийж чадсан. Боломж гарвал дүүрэгтээ ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. Миний хувьд ачаалал хариуцлага нэмэгдэж байгаа юм. Тэрнээс энэ бол шагнал биш шүү дээ.

 

-Намын дэргэ­дэх төрийн бус байгуул­лагуудыг Улс төрийн на­мын тухай шинэ хуулиар цэгцлэхсанал гарч бай­сан. Танай холбоо намын үндсэн дүрмээр явдаг уу?

 

-АЭХ-ны хувьд Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ямар нэг хязгаарлалт байхгүй. Учир нь одоогийн байгаа Улс төрийн намын тухай хуулиар аливаа улс төрийн нам дотроо залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын гэхмэт өөрсдийн бүтэц зохион байгуулалт хийнэ гэсэн заалт бий. АЭХ бол АН-ын дэргэдэх байгууллага гэж явдаг. Тиймээс намын бүх дүрэм журмаар зохицуулагддаг. Манай холбоонд тусдаа данс байдаггүй. Тэр утгаараа АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль намын үндсэн дүрмээр явсан. Бусад намын хувьд хажуудаа төрийн бус байгууллагатай байдаг. Тэдгээр байгууллага нь тусдаа гэрчилгээтэй, данстай үйл ажиллагаагаа явуулдаг. Манай холбоо намын дэргэдэх гэдгээрээ ялгаатай.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН