Н.Энхбаярыг Э.Бат-Үүл эсэргүүцэв

2016 оны 1 сарын 20

МАХН-ын Гүйцэтгэх товчоо  хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Шадар сайд, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэнд спортын сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцсэн байдаг. Тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “МАХН-ын дарга Н.Энхбаярыг  Шадар сайд болгох саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө тавьсан. Энэ дагуу МАХН-ын Гүйцэтгэх товчоо Н.Энхбаярыг Шадар сайд болгох шийдвэрийг гаргасан" гэж мэдээлж байсан юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс “Шадар сайдыг хэнээр сонгохыг шийддэг эрх мэдэл Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Гэхдээ би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй” гэсэн албан тайлбарыг өгч байсан билээ. Гэвч,  одоог хүртэл Эрүүл мэнд, Спортын салбар сайдыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцээгүй байна. Харин энэ асуудалд  хотын дарга Э.Бат-Үүл ямар байр суурьтай хандаж байгааг тодруулахад, тэрбээр “Н.Энхбаяр шадар сайд болбол хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй, байж боломгүй үйлдэл болно” гэж хариулсан юм. Хотын дарга “Эрүүгийн хэрэгт холбогдож, өмнө нь ял эдэлж байсан хүн төрийн өндөр дээд албан тушаалд томилогдон суух нь байж боломжгүй зүй бус үйлдэл” гэж үзэж байгаа бололтой.

Шүүхээр нэгэнт гэм буруутай нь тогтоогдоод ял эдэлж байсан хүн эргэж өндөр албан тушаал руу тэмүүлэх нь нийгэмд буруу үлгэр дуурайлал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гээд Н.Энхбаяр буцаж, өндөр албан тушаалд шунан очвол бусад шоронд хоригдсон бүх иргэн төрийн албанд ажиллах эрхтэй болно гэсэн үг.  Ялтнууд ямар нэгэн албан тушаалдаа очихыг хүсдэггүй юм аа гэхэд эрх чөлөөтэй явахыг хүсч , суллахыг шаардана. Тиймээс Н.Энхбаяр, түүний намын дээрх шийдвэр байж боломгүй үйлдэл гэж хотын дарга Э.Бат-Үүл эсэргүүцэн хүлээн авч байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна