“Болор цом”-д хэн түрүүлэх вэ

2016 оны 1 сарын 20

-Ц.Эрдэнэбаатарын ээлж, М.Уянсүхийн боломж-

“Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа болох гэж байна. Яруу най­рагчдыг хоёр том ай савд хувааж чаддагаараа энэ наадам үнэхээр агуу. Өөрөөр хэлбэл Монголын бүх яруу найрагчдыг “Болор цом”-ыг талархан дэмждэг, шүүмжлэн буруушаадаг гээд л хоёр хуваачихад болно. Дэмжигчид нь болохоор энэ бол утга зохиолын хэм­жүүр биш ч гэлээ ард түмний наа­дам, уншигч, зохиолч хоёрыг уул­зуул­даг сайхан арга хэмжээ гэж ирээд магтана. Харин шүүмжлэгчид нь болхи бүдүүлэг хар массын шүлгийг урал­­дуулдаг, амбийц, хэнээрхлийн талбар, олны өмнө толгой холбосон хараал ерөөл урсгаж таашаал авдаг эм­гэ­нэлт шоу гэх мэтээр муулна. “Болор цом”-ыг муулсаар байгаад олны танил болсон хүн ч бий гээд бодохоор энэ наадам хэн хэндээ л “хэрэгтэй” бололтой. Олон нийт бол хэн гэдэг найрагч “Болор цом”-ын эзэн болох нь вэ гэдгийг таамаг уралдуулан, сураг ажиг тавин хүлээдэг.

Ямар ч атугай “Болор цом” наадам 1983 онд төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн санаачилгаар анх зо­хион байгуулагдсанаасаа хойш жил өнжсөн удаагүй. Анхныхад нь уг наад­мыг санаачлагч Д.Пүрэвдорж найрагч өөрөө түрүүлснээс хойш тоолох юм бол 25 найрагч “Болор цом”-д түрүүлжээ. Тэднээс төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурав, соёлын гавьяат зүт­­гэлтэн Ц.Чимиддорж, Ц.Хулан, яруу найрагч Б.Ичинхорлоо нар тус бүр хоёр удаа “Болор цом” гардсан байна. Мөн “Болор цом”-д гэр бүлийн шинж­­тэй рекорд бий. Энэ нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Хасар нэг удаа, ардын уран зохиолч Д.Цоодолын охин Ц.Хулан хоёр удаа түрүүлсэн явдал.Аймгаар нь авч үзэх юм бол Төв аймгийнхан хамгийн олон буюу 11 удаагийн “Болор цом”-ыг маг­­­­найл­жээ. Энэ 11 цомын дөрвийг Б.Лхагва­сүрэн найрагч хүүтэйгээ хамт, тавыг нь Д.Цоодол найрагч охинтойгоо хамт авсан бөгөөд, нөгөө хоёрыг нь ардын уран зохиолч П.Бадарч, яруу най­рагч Ж.Баяржаргал нар гэртээ залсан байна. Төв аймгийнхны дараа дөрвөн “Болор цом”-той Дундговь, Өвөр­­хангайнхан бичигдэнэ. Булган, Дор­но­говь, Архангайнхан хошоод “Болор цом”-тонтой бол, Говь-Алтай, Баян­хонгор, Завхан, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймаг нэг нэг “Болор цом”-ын эзэнтэй. Өмнөх 32 удаагийн “Болор цом” 21 аймагт ийн “хуваарилагдсан” байна.

Ийнхүү “Болор цом”-ыг нутгархуу өнцгөөс сонжсоны учир нь энэ наад­мын хамгийн олон түрүүг хүртсэн Төв аймгийнхан уг рекордоо энэ жил улам баталгаажуулах магадлалтай бай­гаа­гийнх. Ноднин жил Төв аймагт “Болор цом” наадам зохион байгуу­лаг­дахад нутгийнхаа довон дээр энэхүү наад­­­мын аман хүзүүнд давхисан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатарыг энэ жилийн “Болор цом” наадамд түрүүлж мэднэ гэсэн таа­­маг утга зохиолын хүрээнийхэн дунд нэлээд хүчтэй байгаа юм. “Болор цом” наадамд хоёр удаа айрагдаж үзсэн Ц.Эрдэнэбаатар найрагчийг иртэй, цэцтэй, цэгцтэй шүлгээрээ ца­хиур хагалан гараад ирэхийг хэн ч байг гэхгүй. Тэрээр “Шинэ мянган” утга зохиолын нэгдэлд харьяалагддаг бө­гөөд ардын уран зохиолч Бавуугийн Лхагва­сүрэнгийн нутгийнх бөгөөд их найрагчийн гарын шавь юм.

Түүнчлэн энэ жилийн “Болор цом” наадамд түрүүлж мэдэх “бөх”-өөр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагвыг нэрлэх хүн байна. Тэрээр уг нь Монголын үндэсний чөлөөт зохиолчдын эвлэлийн гишүүн боловч Монголын зохиолчдын эвлэл түүнд Д.Нацагдоржийн нэрэмжит дээд шагналаа өгсөн. Тиймээс энэ удаа “Болор цом”-оо ч атгуулж мэдэх л юм. МҮЧЗЭ-ийн “Мөнгөн цом”-ыг гардаж байсан П.Нямлхагва найрагч хос цомтой болохоор хүч үзэх юм бол бас амаргүй л ам угтуул.

Яруу найрагч Л.Ганзул жил бүрийн “Болор цом”-ын таамагт багтдаг ч айраг ч үгүй хоцрох нь олонтаа. Шүл­­гийн хувьд тэрээр “Болор цом”-тнуудыг ичээж мэднэ. Тэрээр нэгэнтээ “Болор цом” гардсан найрагчаас илүү зрителийг шуугиулсан сайхан шүлэг уншиж, шүүгчид нь бантахдаа түүнд үзэгчдийн нэрэмжит шагналаа өгч бай­сан удаатай. Тиймээс энэ жилийн “Болор цом”-д Л.Ганзулыг түрүүлж мэднэ гэж таамаглаж суугаа хүн цөөнгүй байгаа ажээ. Дээр дурдсан гурван найрагч бол энэ жилийн “Болор цом” наадамд түрүүлж мэдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс. Тэдний араас Базарсадын Баттулга, Ванягийн Нэргүй нарын нэрс ч дурдагдана. Мөн “Болор цом” наадамд гурван ч удаа айрагдсанаас хоёрт нь аман  хүзүүдсэн О.Цэнд-Аюуш найрагч эхний даваа­нуудад бүдэрчихгүй шигшээд үлдэж чадвал өрсөлдөгчдөө айлгах л байх. Гэхдээ эцсийн эцэст нэг л үнэн бий. Ерөөсөө жил жилийн “Болор цом”-ыг хараад байхад шүлэг нь муу ч бай, сайн ч бай “бодлогын хүн” л түрүүлдэг. Тухайлбал 2005 оноос хойш сүүлийн арван жилд “Шинэ мянганыхан” гэгддэг залуусаас зургаан “Болор цом”-тон төрсөн. Энэ нь магадгүй МЗЭ шинэ залуу үеэ дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа бодлогын илрэл байх. Нөгөө талаас “Болор цом” хөдөө орон нутагт зохион байгуулагдах бүрт тухайн аймгийн найрагч түрүү авдаг жишиг тогтсон. Тиймээс ноднин жил Төв аймагт болсон “Болор цом”-д энэ байдлыг халах бодлого барьж Хөвсгөлийн Б.Мягмаржав найрагчийг түрүүлүүлсэн байх жишээтэй.

Иймэрхүү байдлаар шүлэг биш хүнийг нь харсан бодлого  барих юм бол дээрх таамгууд бас эвдэгдэж магад­гүй. 1990-ээд оныхон гэгддэг нэ­гэн үеийнхэн бараг бүгд “Болор цом” хүртсэн. Одоо тэдний үеийнхнээс энэ наадамд түрүүлчих магадлалтай ганц хүн бол яах аргагүй М.Уянсүх найрагч. Дархан хотын суугуул, Увсын уугуул энэ найрагч “Болор цом”-д айрагдаж ч байсан, аман хүзүүдэж ч байсан. Тэгэхээр тэрээр МЗЭ-ийн “бодлогын хүн” байж мэдэх л юм. Өнгөрсөн жил 1990-ээд оны төлөөлөл “Болор цом” авсан тул энэ жил дүү нартаа боломж олгоё гэх өөр нэг хувилбар дэмжигдвэл дээрх хэдэн залуугийн нэг л од шүүрэх болов уу.

ЧОНОН ОРД

Ц.Эрдэнэбаатар /“Болор цом-32” наадмын дэд байрт шалгарсан шүлэг/

Огторгуйн жингүйдэлд үүрнээсээ төөрсөн
Өндөгний хувьтай гаригт
Чоно ордноос зарлигдсан дэлхийн жин зорголд
Чоно ордынхон ирээд хэдэн галав өнгөрч байна.
Бэхэн цэнхэр тэнгэрээс ирсэн зам минь эдгээгүй
Сүүн зам нь зурайж байхад
Бичин гаригийн амьтас эсийн чинээ торниогүй,
Сүнс нь бүрэлдэж амжаагүй байхад
Энэхэн замбу тивийг эзэгнэж явсан монголчууд
Энд тэнд нийлэлдээд бусдын галд дулаацаж байна
Улангассан шуурганд уруулж
Урд хойноосоо тасдуулсан ч
Усан галавын хуртай хөх үүл нүүдэл Монгол
Өндөр дээд өвгийнхөө гал тулгалсан газар дээр
Өнчин байхынхаа тухай уйлагнаж хэлээд удлаа.
Ундаалж буй маралын нүдэт охид
Ульж буй чоныг санагдуулам эрс
Эвий гоо хатдынхаа залбирч бүтээсэн оронд
Эзэн Чингэс хааныхаа зандарч хураасан гүрэнд
Хасаг тэрэгний мөөр шиг даяар тэнцүү зарлиг дор
Хамаг улсыг төвшитгөөд хэдэн зуун өнгөрч байна.
Туурайн хурцад эсгэгдсэн газрынх нь шарх аниагүй байхад
Тугны минь өмнө сөхөрсөн өвдөгнийх нь бохироо арилаагүй байхад
Ил булхайг дарангуйлсан түрэмгий хөх түмэн минь
Энд тэнд тараад алсын газарт амьдарч байна
Татсан нум уулынхаа зэв төдий овоондоо
Тандаан, маньдаагаан шивнэсэн олохын донгоо орхиж
Бүрий барай зүүднээс ч уйлуулж сэрээдэг Монголоо
Бүтэн болохыг хүлээж арай ч дэндүү удлаа
Мөсөн галав, усан галав, галан галав
Мөддөөн төгсөхгүй орчлон байтал
Элгийг минь эмтэлж, эсийг минь задартал санагдах
Их Монголын минь заяа хэзээ юм бэ, эх орон.

ГОО САЙХАН ГЭДЭГ НЬ

Л.Ганзул /“Болор цом-30” наадмын үзэгчдийн шагналт шүлэг/

Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах
Түг, түг анир юм
Үсийг нь илэх төдийхөнд
Өвсөн дээр алчуур унах мөч юм
Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа.


Эх орны тухай бодол

О.Цэнд-Аюуш /“Болор цом-31” наадмын дэд байрын шүлэг/

Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай
Эх орон минь
Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй
Эх орон минь
Эр зоригт бүргэд тэнгэртээ хаанчилж ханаад
Элгээ цөмөртөл газардсан юм шиг хөндийтөй
Эртний бурхад мөнхийн төгс галбирыг олоод
Эх хүн үрээ хүлээж нимгэрэхийг үзэж тэвчихгүй
хөдөлж чадахгүй байгаа юм шиг уулстай
Эрдэнийн гөрөөсний нулимс уран сормуусаас нь унаж байгаа юм шиг бороотой
Эвдэрхий буурал тэрэгний дугуйг эмээ минь өргөж босгоод явсан юм шиг солонготой
Эх орон минь
Алтан гүцний нарийн цоргыг тэлж
Гадаа далайн эрэг гарч ирэх гээд байгаа юм шиг гол мөрөнтөй
Амраг бүсгүй минь гансран үлдээд
Аглагт нь сууж дуулсан юм шиг ой модтой
Ариг цагаан ингэ сүүгээ дуслуулан гүйж ирж байгаа юм шиг ирэх цагтай
Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч байгаа юм шиг буцах цагтай
Эх орон минь


БИ

М.Уянсүх /“Болор цом-28” наадмын дэд байрт шалгарсан шүлэг/

Орчлонт ертөнцийг цаглагч
Би...Өвсний дуун хөрвүүлэгч
Одот тэнгэрт зорчигч
Би.. Үндэсний гүнд оршигч
Хязгааргүй чанад туяарагч
Би...Энүүхэн дэргэд үзэгдэгч
Хилэгнэл гуниглалыг тайлагч
Би...Эрх чөлөөг тунхаглагч
Үзэгдэл бүхнийг ялагч
Би...зохионгуйн тарнийг эрхшээгч
Үймэрсэн тэнгисийг тогтоогч
Би...гайхамшигт нууцад нэвтрэгч
Алдуурсан цагийг сөхөгч
Би...Гол ус мэт гэрэлтэгч
Ассан галыг хөгжөөгч
Би...Гоёхон үлгэрт итгэгч
Эрт, эдүгээг холбогч
Би... авсны гүн рүү тэмтрэгч
Энгийн үгэнд уягдагч
Би...Амьсгалын гүнээс ургагч
Зааг, ялгааг магадлагч
Би...Бүүвэй шиг торнигч
Завсар зайг нь дүүргэгч
Би...Бүсгүй хүн шиг инээгч
Араатан мэт хүрхрэгч
Би...Тэнгэр, газрыг бүртгэгч
Атаатан мэт тэрсэгч
Би...Тэргэл сарыг шүтэгч
Гаслангуйн илдийг баригч
Би...Хэн нэгнийг хөнөөгч
Ганцаардлын сөн түшигч
Би...Хүн бүхнээс урвагч

Г.САНЧИР

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна