Гацууртын ордын эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

2016 оны 1 сарын 20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжин чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд төр эзэмших хувиа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон байгаа юм.

Ордын тусгай зөвшөөрлийг ”Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг. Тус ордын батлагдсан алтны нөөц 40 тонн хэмээн үзэж буй. Гацууртын ордыг ашигласнаар 433,6 сая ам.долларыг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төлнө,  Мөн 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн хоёр дахь асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ирээдүйд тэтгэвэр гарах өнөөгийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа урт хугацаат ипотекийн зээлийн эх үүсвэр бий болгох зорилгоор Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.

Хүн амаа орон сууцжуулах зорилгоор бусад орнууд ийм аргыг хэрэглэж ирсэн аж. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тайлбараар бол Тэтгэврийн даатгалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болох нь илүү үр дүнтэй гэж байна.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед гишүүд энэ асуудлыг Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус бүр хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна