Захиргааны ерөнхий хууль иргэдэд давуу байдал олгосон

2016 оны 1 сарын 20

Ирэх 7 дугаар сараас шинээр хэрэгжиж эхлэх Захиргааны ерөнхий хуулийн талаар өмгөөлөгч П.Алтанчимэгтэй ярилцлаа. Тэрбээр тус хуулийг сурталчлан таниулах ажил дутагдалтай байгааг онцолж байв.

-Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиар захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож чадахгүй байх шиг. Саяхан батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн талаар таны бодол, ер нь ямар өөрчлөлт гарах юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хөгжиж хэдийнээ төлөвшсөн, иргэдийн эрх зүйн ухамсар дээшилсэн, маргааны хүрээ өргөжсөн учраас хууль хэрэгжсэн нөхцөл байдалд дүгнэлт хийгдсэнээр Захиргааны ерөнхий хууль батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх болсон.

Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнээр дээр дурьдагдсан захиргааны үйл ажиллагаанд маш олон өөрчлөлт гарах юм байна гэж харсан. Ийм ч учраас хуулийг судлах хугацааг бүтэн жилээр тооцсон байх. Энэ хуультай холбогдуулан цаг алдалгүй сургалт зохион байгуулаасай гэж бодож байна даа. Гэвч удахгүй хэрэгжих шинэ хуулийг таниулах, сурталчлах ажиллагаа дутагдалтай байх шиг байна.

Өмгөөлөгч хүний хувьд талархалтайгаар хүлээж авсан өөрчлөлтүүдээс зөвхөн нэгийг нь өөрийнхөө ойлголтоор тодруулбал, эрх нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдэд илүү ашигтай нөхцөл буюу давуу байдлыг олгосон.

Одоогийн хэрэгжиж байгаа зохицуулалтаар захиргааны байгууллага албан тушаалтанд ер нь давуу эрхийг олгосон учраас эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гээд дараа нь мэдэгдэж эхэлдэг. Ийм л чиг хандлага тогтсон гэхэд ташаа зүйл болохгүй гэж бодож байна. Зарим хуулинд мэдэгдэх зарчим тусгагдсан байгаа хэдий ч учир дутагдалтай, дутуу дулимаг хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий мэдэгдэх үүргийг биелүүлдэг.

Харин дээрх шинэ зохицуулалт нь захиргааны байгууллага, албан тушаалтнуудын энэ чиг хандлагыг өөрчлөөд зогсохгүй, иргэдээс эрхээ хамгаалах үр дүнг бий болгох, хүний эрх зөрчигдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн, тэгш эрхийн зарчим бодитой хэрэгжих гэх мэт олон ач холбогдол байна.

Мөн холбогдох олон хуулийн суурь хууль нь болж, нийгэмд бодитой өөрчлөлтөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Жилээс жилд захиргааны хэргийн шүүхийн ачаалал ихэсч байгаа шалтгааныг юу гэж үздэг вэ?

-Олон нөхцөл байдал нөлөөлж байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх маргаан тасралтгүй нэмэгдэж байгаа байдал нь Захиргааны ерөнхий хуулийг боловсруулах хууль зүйн болон практик шаардлага болсон байдаг.

Иргэдийн эрх зүйн ухамсар дээшилж, өөрийн эрхийг хамгаалах хандлага нь жилээс жилд нэмэгдэж байгаа.

Мөн шийдвэр гаргах ажиллагаандаа алдаа гаргасан захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан өөрсдөө тухайн алдаагаа засах тэр боломж эрхийг хуульд олгочихсон байхад хууль зөрчсөн байдлыг мэдсэн, тогтоосон атлаа "шүүхээр шийдвэрлүүл” гээд хариу өгдөг. Үүнийг тухайн захиргааны байгууллага буюу эрх бүхий албан тушаалтан дарга нар нь өөрөө тухайн асуудлыг барьж аваад шийдэх эрхтэй байж өөрсдөөсөө зайлуулаад өөрийнхөө хийх ажлыг шүүх рүү явуулж шийдвэрлүүлж байгааг дурьдаж болох юм.

Ингэснээр иргэд чирэгдэх, цаг хугацаа алдах, үр бүтээлгүй үйл ажиллагаа, үргүй зардал гарч, хэн алинд эдийн засгийн хохирол нэмэгдэх сөрөг байдлыг үүсгэдэг.

Мөн захиргааны байгууллага алдаагаа засах боломж хуульд байдаг боловч шүүхээр хийлгэж, шүүхээр шийдүүлчих, шүүхийн шийдвэр гарвал түүнийг биелүүлнэ гэдэг ч тал бий. Зөрчлөө мэдсээр байж, арилгахыг хүсдэггүй нь нэг шалтгаан болдог байх.

-Зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахад гарах төлбөр мөнгөний асуудлыг хэн хариуцах вэ? Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд энэ асуудал хамаарч байна уу?

-Энд жишээ болгож, төрийн жинхэнэ албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдах тохиолдлыг дурьдаж болох юм. Энэ төрлийн маргаан сүүлийн үед нэмэгдсээр байгаа.

Шүүхийн шийдвэрийн дагуу хууль бус тушаалын улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нөхөн олговор олгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго байдаг.

Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцаж, барагдуулдаг. Дараа нь улсаас гарсан тэр мөнгөн хөрөнгийг тухайн гэм буруутай албан тушаалтнаас нөхөн төлүүлж болохоор зохицуулалт байгаа ч бараг л хэрэгждэггүй. Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас улсаас маш их хэмжээний мөнгө нөхөн олговорт олгогдож байгаа.

-Дагнасан шүүх байгуулагдсантай холбоотойгоор дагнасан өмгөөлөгч нар бий болж байна. Энэ талаар таны бодол?

-Дагнаж ажиллана гэдэг тухайн чиглэлд дадлага туршлага хуримтлуулж, хөгжиж байвал үүнээс гарах үр дүнд шууд хамааралтай. Миний хувьд зарим тохиолдолд эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр орох шаардлага гардаг.

Иргэдэд хандаж хэлэхэд тухайн чиглэлд дагнадаг өмгөөлөгчийг сонговол тухайн хүнд илүү үр дүн бий болох боломжтой. Тухайлбал нэг танилынхаа хүсэлт, гуйлтаар эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэг талаараа хүнд хэрэгт оролцох явцад эрүүгийн хэргийн дагнасан өмгөөлөгчөөс тодруулж, мэдэхгүй зүйлээ судалдаг.

Заримдаа ч эрүүгийн хэрэгт оролцуулах хүсэлт тавьж хандсан хүмүүст эрүүгийн хэргийн дагнасан өмгөөлөгч танд илүү тус болно гэж зөвлөх тохиолдол ч гардаг.

-Шүүхийн шинэтгэл иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар та юу хэлэх вэ?

-Шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг маргааны хүрээ ихэсч байгаагийн хэрээр шүүхээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч жилээс жилд өсч байна. Өмнөх цаг үеийг бодвол шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад асуудлыг хариуцдаг Тамгын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тамгын газрууд тусгайлан өөр өөрийнхөө бүтэц, зохион байгуулалтыг бий болгоод тухайлсан тэр бүтэц, бүрэлдэхүүн дээр анхаарлаа төвлөрүүлж ажилладаг болсон. Өмнө нь нэг Тамгын газар нь олон шүүхүүдийн үйл ажиллагаанд хүрч ажиллах нь учир дутагдалтай байсан. Одоо шүүх тус тусдаа тамгын газартай болж байгаа нь шүүхийн үйл ажиллагаанд илүү анхаарал тавьж, үйл ажиллагаа нь сайжрах боломж бололцоо бүрдүүлж байна. Шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдийг мэдээллээр хангах, үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд мэдээлэл өгөх, угтаж ажиллах, өргөдөл хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэх зэрэг нь үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай болгож, шинэчлэгдэж байгаа нь илт харагдаж байна.

-Захиргааны байгууллагыг хариуцлагажуулна гэдэг ойлголт юу гэсэн үг юм бол?

-Миний бодлоор, шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоож буй нь практик болж байна. Шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын алдааг дахин дахин гаргахгүй байх тэр нөхцөл байдал, үр дагаврыг мөн үлдээгээд байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болгоны дараа захиргааны байгууллага хариуцлагажиж байдаг. Нэг албан тушаалтан ч болтугай хариуцлагажиж байгаа. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр үндэслэлийн алдаа нь энэ байна, энэ нь хуульд нийцэхгүй байна, зүй нь ингэж хийх ёстой байсан байна гэх мэтээр тухай бүрчлэн шүүхийн шийдвэрт зааж өгөөд байна шүү дээ.

Энэ нь дараа дараагийн захиргааны үйл ажиллагаанд практик болоод захиргааны байгууллагын албан тушаалтнууд алдааг давтахгүй байх, хариуцлагатай болгоход нэмэр болж байгаагийн нэг хэлбэр гэж тайлбарлах байна.

-Та тодорхой нэг жишээ хэлбэл?

-Энгийн л нэг жишээ хэлэхэд иргэд байрныхаа гадаа гарааж барьдаг.

-Дур мэдэн барьдаг гэсэн үг үү?

-Миний жишээний хувьд дур мэдэн гэх боломжгүй. Учир нь хууль мэдэхгүйгээс, судалж үзээгүйгээс СӨХ, хорооноос зөвшөөрөл аваад хөрөнгө мөнгө зарцуулаад гарааж барьсан. СӨХ болон хороо нь газрыг ашиглах, эзэмших зөвшөөрөл өгдөг этгээд биш. Харин дүүргийн газрын алба зөвшөөрөлгүй барьсан гараажийг эвдээд буулгаад явчихсан. Ингээд иргэд надад хандаж байсан юм. Энд иргэдийн гарааж барьсан үйлдлийг зөвтгөх боломжгүй нь тодорхой байсан, захиргааны байгууллага иргэдийн үйлдэл буруу байсан ч хөрөнгө мөнгө шингэсэн гараажийг мэдэгдэж, хохирол багатайгаар буулган авах боломжийг нь олгох ёстой байсан гэсэн үндэслэлээр шүүхэд хэргийг хянуулсан.

Эцэст нь талууд аль аль нь буулт хийж, эвлэрч маргаанаа дуусгавар болгосон.

Яг үүнийг Захиргааны ерөнхий хуулиар илүү тодруулж өгсөн. Мөн хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх гэсэн зарчим ч орж ирж байгаа. Ер нь бид нарт хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд илүү давуу байдлыг бий болгосон.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХОС-ЭРДЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна