Сувилахуйн сургууль дэлхийн стандартыг нэвтрүүллээ

2016 оны 1 сарын 20

 

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль эх баригч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, дүрс оношлогооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт угсралтын техникч, туслах сувилагчаар оюутан элсүүлж бэлтгэдэг.

 

Энэ сургууль чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001-2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх төслийн нээлтээ өчигдөр хийлээ. Боловсролын салбарт анхдагч болсон энэ арга хэмжээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Тус сургууль Монголд анх удаа олон улсын чанарын удирдлагын хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлж, Засгийн газар, Хөдөлмөрийн яам, “United management consulting” компанийн дэмжлэгтэйгээр бүсийн шилдэг сургууль болох зорилт тавин, ажиллаж байна.

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээлтийн үеэр “АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001-2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх төслийн нээлтээ хийж байна. Энэ бол өнөөдрийн онцлох үйл явдал  учраас Хөдөлмөрийн яамнаас  мэргэжлийн боловсрол ялангуяа, Анагаах ухааны салбарын Сувилахуйн сургуулийг онцгой анхаарч би өөрийн биеэр ирж АШУҮИС-ийн захиралтай хамт санамж бичигт гарын үсэг зурж байна” гэсэн юм.

 

ISO 9001 СТАНДАРТЫН 2015 ОНЫ ХАМГИЙН СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН ХУВИЛБАР

 

“United management consulting” компанийн захирал Л.Ерөө энэ үеэр “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001-2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэдэг нэг тоног төхөөрөмж авчраад тавьчихаж байгаа хэрэг биш. Хамгийн энгийнээр ISO 9001 гэдэг нь тухайн байгууллага чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд төлөвлөнө, хэрэгжүүлнэ, хянана, сайжруулна. Энэ бүх үйл явцыг хэрхэн чанартай удирдах вэ гэдэг стандарт юм. Харин  ISO 9001-2015 гэдэг нь ISO 9001 стандартын 2015 оны хамгийн сүүлд шинэчлэгдсэн хувилбар” хэмээн онцлов.

 

СУУРЬ СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЧАДВАРЖСАНААР ИРГЭД ЭЦСИЙН ҮР ДҮНГ ХҮРТЭНЭ

 

АШУҮИС- ийн захирал Г.Батбаатар хэлэхдээ “Удирдлагын тогтолцоо бодлоготой холбоотой сувилагч бэлтгэх хөтөлбөр, нөхцөл тоо манай улсад алдаатай байдаг. Бусад орны их сургуулиуд жилд 100 эмч, 500 сувилагч бэлтгэдэг бол манайд эсрэгээрээ 500 эмч, 100 сувилагч бэлтгэгдэж байна. Үүнийг өөрчлөхийн тулд сургалтын хөтөлбөрийг зөв шинэчлэх, оюутнуудын сонирхохуйц олон улсын стандартын сургалтын орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд энэ сургуулийн  цөм болсон эрдэмтэн, багш, судлаач, удирдлагууд бүгд суралцаж дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэ стандартын хэмжээнд очих ёстой. Эхний төлөвлөсөн ажил багш нарыг сургах 256 цагийн лекц юм. Зургадугаар сарын 25 гэхэд бид ISO 9001-2015 стандартыг бүрэн нэвтрүүлж, батламж, гэрчилгээгээ авахаар төлөвлөсөн. Суурь сувилахуйн мэргэжилтнүүд чадваржсанаар иргэд эцсийн үр дүнг хүртэнэ” гэв.

 

Сувилахуйн сургууль энэ стандартыг бүрэн нэвтрүүлснээр иргэдийн сэтгэл ханамж болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж, үр дүн сайжирч нийгэмд өрсөлдөх чадвар нь нэмэгдэх юм байна. Энэ стандарт нь зургаан жилд нэг удаа шинэчлэгддэг ажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН