“Огцруулах үгүйг УИХ шийднэ”

2016 оны 1 сарын 20

УИХ-д Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.


-Сонгууль ойртсон байна. Энэ үед Засгийн газрыг огцруулах төсөл өргөн барьсан нь цагаа олоогүй, тохиромжгүй үйлдэл боллоо гэж олон нийт үзэж байна?

-Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг нэлээд дээрээс цуглуулж эхэлсэн. Санаж байвал Ерөнхий сайдыг анх томилогдож байхад нь хэрэв Оюутолгойн гэрээг улам буруу тал руу нь явуулж, цаашлуулбал огцруулах тогтоол өргөн барина гэдгээ би мэдэгдэж байсан. Тийм ч учраас Ерөнхий сайдыг томилоход хоёрхон гишүүн эсрэг санал өгсний нэг нь би байсан. Тухайн цаг үед хийж, хэлж байснаа л би үргэлжлүүлж байгаа. Луйвар, буруу үйл ажиллагааг зогсооход оновчтой цаг үе гэж байхгүй. Үүнийг цаг хугацаа хүлээгээд байлгүй даруй явуулах ёстой гэж үзэж байна. Засгийн газар буруу зүйл хийж байвал “Сонгууль болох гэж байгаа юм чинь яахав. Луйвар дээрмээ хийж л байг” гэж хандаж болохгүй. Энэ бол зарчим. Тийм учраас өргөн барих нь гарцаагүй. Харин огцрох үгүйг УИХ-ын гишүүд олонхоороо шийднэ.

-“Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүлэг энэ асуудлаар тусгайлан хуралдаагүй байна.

-Огцруулах үндэслэл хангалттай юу?

-2021 оноос Оюутолгойн гэрээний ашгийг монголчууд хүртэж эхлэх байсныг улам холдуулж 2037 оноос болгосон. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа зэсийн орд, дагалдах баялаг асар их ийм ордоос монголчууд ер нь ашиг хүртэхгүй болгож байгаа учир Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барихаас өөр арга байсангүй. Энэ бол хангалттай үндэслэл.

-МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийн мандатын тоо бууруулахгүй гэж байгаа. Үүгээр барьцаа хийгээд таныг МАН-ынхантай нийлж ийм үйл ажиллагаа явуулж байна гэж зарим гишүүд “хардаж” байсан. Үүнд тайлбар хэлэх үү?

-Би бусад асуудлыг мэдэхгүй. Ямар ч байсан Оюутолгойн гэрээг цаашлуулсан “Дубайн гэрээ” Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байгаа. Гишүүд энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрч л гарын үсэг зурсан.

-Тогтоолд гарын үсэг зурсан гишүүдээс Р.Амаржаргал нэрээ татаж авах хүсэлт гаргасан байсан. Яагаад ингэсэн юм бол?

-Энэ үндэслэлийг надтай нийлээд УИХ-ын 20 гишүүн зөвшөөрсөн. Өчигдөр тогтоолын төслийг өргөн барьснаас хойш Р.Амаржаргал гишүүн нэрээ авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүний саналыг би хүндэтгэж байна. Зохих журмын дагуу хүсэлтээ гаргаад нэрээ авах байх.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна