Засгийн газрын хувь заяаг хэлэлцжээ

2016 оны 1 сарын 20

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралджээ. Тус бүлгийнхэн УИХ-ын даргын өрөөнд хуралдсан гэх мэдээлэл байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Г.Уянга гишүүний өрөөнд цуглан хуралдсан гэх яриа байгаа ч энэ нь огцруулах төслийг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүдэд хамаарах бололтой. Цөөнхийн бүлэг ээлжит бусаар хуралдаагүй гэх албан тайлбар өгч буй юм. Дээрх уулзалтад зөвхөн Г.Уянга гишүүнээр хязгаарлахгүй УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд байжээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газраа хэрхэн авч үлдэж тогтвортой ажиллуулах вэ гэдэг талаар ярилцсан бол Г.Уянга нар УИХ дахь гишүүдийнхээ кнопыг тоолсон гэх яриа байна.

Мөн Төрийн ордонд “нисэх” бор шувуугаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах төслийг дэмжиж гарын үсэг зурсан нь нийслэлийн мандатыг 22 болговол Засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа гэх. Нийслэлийн удирдлагууд хүн амын тоотойгоо уялдуулж Улаанбаатар хотын тойргийн мандатыг 22 болгож нэмэх саналыг гаргаж, УИХ-аас дэмжлэг хүссэн. Улаанбаатар хотод нэг сая 398 мянган иргэн амьдарч байгаа. УИХ-д тэднийг нийслэд 14 гишүүн төлөөлдөг. Харин орон нутагт нэг сая 663 мянган иргэн бий. Тодруулбал, УИХ-д 34 гишүүн орон нутгийн иргэдийг төлөөлж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрын тэргүүнийг огцруулах төслийг санаачлахдаа Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөөг иш үндэс болгосон.

Огцруулах төслийг өргөн мэдүүлэхэд 19 гишүүн дэмжсэн байх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ хэмжээнд хүрэхгүй байсан. Харин хотын тойргийн мандатын тоог нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагууд тавьж, эхлэнгүүт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах төсөлд гарын үсэг зурсан нь эцсийн дүндээ Засгийн газраар барьцаалж орон нутгийн тойргийг авч үлдэх улс төрийн тоглолттой нь холбоотой гэх яриа дуулдаж байна.

Хуульд зааснаар УИХ огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор багтаан хэлэлцэж эхлэх ёстой.

Ардчилсан намын дарга З.Энхболд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах шийдвэрийг хэд хоногийн өмнө гаргасан. Уг хурал өнөөдөр 17.00 цагт эхэлнэ, энэ үеэр ч Засгийн газраа тогтвортой ажиллуулах талаар хөндөгдөх бололтой.

Харин УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах тухай Г.Уянга гишүүний өргөн мэдүүлсэн төслийг ирэх долоо хоногоос эхлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, дараа нь чуулганаар хэлэлцэх сураг гарч байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна