Иргэд хөнгөлөлтөө эдлэхээр дугаарлаж байна

2016 оны 1 сарын 20

Ажлын цаг дөнгөж эхэлсэн хэдий ч Баянгол дүүргийн татвар дээр хөнгөлөлтөө эдлэх гэсэн иргэд аль хэдийнээ дугаарлажээ. Бүгчим өрөөнд дугаараа хүлээсэн иргэдэд бүгд гар утсаа ширтээстэй. Хэдэн арав, хэдэн зуун хүний ард дугаараа дуудахыг хүлээх иргэдийн хувьд гар утас л “цаг хурдлуулагч” болж байх шиг.  Жил   бүрийн эхэнд татварынханд бөөн ачаалал нэмэгддэг. Энэ жил Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа, НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн гээд дүүргүүдийн татвар хөл тавих зайгүй пиг.

Жил бүрийн хоёрдугаар сарын 15 хүртэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд харьяа татварынхаа хэлтэст, шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж өгдөг уламжлалтай. Жил ирэх бүр шинэ орон сууц худалдан авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөрт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт  71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан байна. Харин энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоолол гарчээ.

2014 онд татварын хөнгөлөлт эдэлсэн иргэний тоо 2015 онд 12 орчим мянгаар нэмэгджээ. Энэ онд мөн л татварын хувь буцаан авах иргэний тоо 10 орчим мянгаар өсөх хандлагатай байгааг, өглөөнөөс орой хүртэл харьяа татварын хэлтэс дээрээ дугаарлан зогссон иргэдээс харж болох юм. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэд Баянгол, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их байна. Жишээлбэл Баянзүрх дүүрэгт өчигдрийн байдлаар нийт 2500 орчим иргэн татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгчээ. Харин Баянгол дүүргийн тухайд өнөөдөр 3000 мянга орчим иргэн шаардлагатай материалаа бүрдүүлэн өгсөн байх юм. Ажлын цаг эхэлснээс дуустал Баянгол дүүргийн иргэд татварын хөнгөлөлт эдлэхээр дүүргийнхээ татварын хэлтэст хороо, хороогоороо гурван хэсэгт хуваагдан дугаарлаж байна.  Тус дүүргийн татварын хэлтсийн 30 гаруй байцаагч өдөрт 300 орчим хүнийг бүртгэж, шаардлагатай мэдээллийг хүргэж байгаа ч, цаана нь бүрдүүлэх материалаа дутуу авчирсан, аль байцаагч дээр очихоо мэдэхгүй андуурч зогсож хугацаа алдсан зэрэг 300 орчим иргэн дахин ирэхээр буцаж байна.  

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн Р.Лхагвадорж гурав дахь жилдээ татварын хөнгөлөлт эдлэхээр ийнхүү материалаа бэлдэж иржээ. Тэрбээр “Энэ жил Баянгол дүүргийн татварын байцаагчдын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болж, иргэдэд ойлгомжгүй, тэр хэрээрээ хүндрэл учруулж байна” гэж ярилаа. Харин тус дүүргийн 20 дугаар хорооны иргэн Т.Санжаасүрэн өглөөний 10 цагт ирээд 13 цагийн үед ч орж чадалгүй дугаарлаж зогсож буйгаа хэллээ. Т.Санжаасүрэнгийн тухайд орон сууцаа худалдан авсан мөнгөө хэрхэн олсон тухай баримт нэхэх буюу санхүүгийн эх үүсвэрээ нэг бүрчлэн тоочихыг шаардсан нь хүндрэлтэй байна гэдгээ учирласан юм.

Уг нь энэ жилээс татварын тайланг Татварын ерөнхий газар цахимаар авч эхэлсэн. Гэхдээ иргэн бүр хувь хүнийхээ орлогын албан татварын тайланг зөв, шаардлагат нийцүүлж гаргаж чадахгүй, тайлангаа хэрхэн зөв гаргаж, бичих вэ, түүнийгээ яаж цахимаар илгээх талаар ойлголтой иргэд цөөн байгааг байцаагчид тодотголоо. Энэ нь иргэд олноороо хугацаа алдан оочирлож зогсох нэг шалтгаан болжээ. Иргэдийг төөрөгдүүлсэн өөр нэг асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хууль хэрэгжиж эхлээд орлогын эх үүсвэрээ тайлагнах шаардлагагүй болсон гэж ойлгох иргэд байна. Гэвч тус хуульд зааснаар өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сараас хойш шинээр орон сууц худалдан авч, байшин барьсан иргэд заавал орлогынхоо эх үүсвэрийг баримтаар баталгаажуулах шаардлагатай юм. Харин 2015 оны дөрөвдүгээр сараас өмнө байшин барьж, байр худалдан авсан иргэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нуусан орлогоо тайлагнасан бол заавал орлогын эх үүсвэрийн баримтаа өгөх шаардлагагүй, бүртгүүлэх эрхтэй юм.

Баянгол дүүргийн татварын хэлтэс өнгөрсөн онд ойролцоогоор 7000 орчим иргэнд нийт таван тэрбум 415 сая төгрөгийг Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөлт болгон өгчээ. Харин 2014 онд нийт 6498 иргэнд, таван тэрбум 139 сая 289 мянган төгрөг, 2013 онд 4653 иргэнд, гурван тэрбум 307 сая төгрөг 503 мянган төгрөгийг олгосон байна. Ингээд Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлт эдлэх хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтыг танилцуулъя.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ, Ц.АРИУНБОЛД


Та анх удаа орон сууцны чөлөөлөлтийг эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт


1. Чөлөөлөлт эдлэх иргэний  бичсэн хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/
3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрчилгээний хуулбар
7. Захиалгын болон худалдах худалдан авах гэрээ /нотариатаар баталгаажсан байх /
8. Орон сууц худалдан авах, барихтай холбогдон гарсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд,байрны төлбөрт төлсөн баримт /өөрийн орлого/ 
9. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвар төлсөн баримт
10. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ мөнгө шилжүүлсэн баримт / зээлийн эх үүсвэрийн тухайд/   /Зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх/
11. Хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй байгууллагын үнэлсэн тайлан
12. Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр 
13. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06 тайлагнах/
 

Та орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт


1. Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5. Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
6. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
7. Орлого нотлох бусад баримт
8. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах
/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна