Дөрвөн ЭНХ

2016 оны 1 сарын 20

-Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвгүй, өөр өөрсдийн эрх ашгийн төлөө улайрсан бух шиг өөд өөдөөсөө хэрсэн улстөрийн дөрвөн хүчин өнөөдөр Монголын хувь заяаг шийдэж байна. Эдгээр улстөрийн намын дарга нар болох З.Энхболд, М.Энхболд, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын өнөөгийн улстөрийн байр суурийг тодорхойлох гээд үзье-

Монголын төрийн хэрэг явдал, хууль шийдвэрт өнөөдрийн байдлаар улстөрийн дөрвөн нам голлох нөлөөтэй оролцож байна. Нэгдүгээрх нь, эрх мэдлийг тэргүүлэгч Ардчилсан нам, хоёрдугаарх нь эрх мэдлийг хуваан эзэмшигч МАХН, гурав дахь нь мөн л эрх мэдлийг хугаслан эзэмшигч МҮАН, дөрөв дэх нь сөрөг хүчин МАН. Засгийн газраа хамтран байгуулж, эргийн нэг талд зогсож буй гурван намыг үзэл бодол, эв санаа нэгтгэж байгаа гэвэл түүн шиг ташаарал үгүйтэй адил нөгөө эрэг дээрх МАН-д ч бас улс эх орны эрх ашгийн төлөө тэдэнтэй ойлголцох эрмэлзэл байхгүй.

З.Энхболд- Ардчилсан намын нүүр царай

С.Ганбаатараас бага рейтингтэй болтлоо уруудаж яваа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал /өнөөдөр эхлэх/ З.Энхболдын хувьд халгаж тойрсоор ирсэн халуун сорилтуудынх нь нэг юм. Ардчилсан намын даргын суудалд 2014 оны 11 дүгээр сарын 15-нд ҮЗХ-ны хурлаас сонгогдсон ч тус намын дүрмийн дагуу түүнийг энэ албан тушаалд намын их хурлаас баталгаажуулах ёстой байлаа. Гэвч Ардчилсан намын Их хурал түүний өмнөх дарга Н.Алтанхуягийн “бүрэн эрхийн” зургаан жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаагүйг “далимдуулан” З.Энхболд ч бас өнөөдрийг хүртэл Их хурлыг зарлаагүй яваа. Төрийн эрх мэдлийг атгах, бодлого шийдвэрийг нь тодорхойлох хариуцлагахүлээсэн энэ нам сүүлийн хоёр сонгуулийн хооронд нэг ч удаа Их хурлаа хийсэнгүй, бодлого төлөвлөсөнгүй, удирдлагуудтайгаа хариуцлага ярьсангүй. Улс төрийн нам гэх бүхэл бүтэн институци биш ердөө л эрх мэдлийг нь атгасан хэсэг бүлэглэлүүдийн хүсэл зорилго өнөөгийн Монголын төрийн бодлого болон хэрэгжиж байгаа нь энэ дураараа байдал долоо дахь жилдээ үргэлжилж байна гэсэн үг.

Хэрэв төрийн эрх мэдлийг улстөрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр илүү дээр сонголт ардчилсан тогтолцоонд байдаггүй нь үнэн юм бол төрийн үндэс нь нам байж таарна. Тэгвэл улстөрийн намуудын, тэр дундаа эрх барьж буй намын төлөвшил нь зөв, сахилга бат нь хатуу, бодлого нь цэгцтэй байж гэмээнэ бид төрийн төлөвшлийн талаар ярих боломжтой биз ээ. Энэ өнцгөөс харвал Ардчилсан нам дахь хамтын, олонхийн шийдвэр гаргадаг механизм нь ажиллагаагүй болж, фракциудынх нь тохиролцоо л бүхний шийддэг дур зоргоороо байдал Монгол төрийн араншинг өнөөдөртөө тодорхойлж байна. Энэ нь Ардчилсан намын уналтын нэг шалтгаан юм.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн нам намын даргаа дөрвөн жилээр сонгодог ч жилдээ нэг удаа намын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар саннал хураалт явуулдаг. Намын тодорхойлсон бодлогыг төрийн эрх мэдлийн түвшинд хэрхэн хэрэгжүүлж буйг үүгээрээ хянадаг аж. Харин манайд эрх барьж буй нам хамгийн сүүлд хэзээ Их хурлаа хийсэн бэ?

Намын сахилга батгүй, дүрэмгүй тоглож буй Ардчилсан намын дарга З.Энхболд нам доторх фракцийн лидерүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадахгүй байгааг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг нартай /Алтангадас фракц/ толхилцоонтой, үүгээр дамжуулаад экс дарга Н.Алтанхуягтай зөрчилтэй, нам төдийгүй нийгэмд нэр муутай болж яваа С.Эрдэнэ, Х.Баттулга /МоАХ/ нарыг баруун, зүүн гараа болгочихсон яваагаас харж болно. Тэр эвлэрүүлж, зөрчлийг зохицуулж чадахгүй байгаа нь Ардчилсан намын уналтыг улам бүр хурдасгаж буй нэг хүчин зүйл гэж ажиглагчид үзэж байна. Зургаахан сарын дараа сонгуульд орох гэж буй Ардчилсан нам уналтын процессоо яг одоо амжиж барьж авахгүй бол бүгдээрээ усанд үйж унана гэдгийг гишүүд, тэр дундаа ҮЗХ-ны гишүүдийн эрүүл саруул хэсэг нь гадарлаж байгаа. Тийм учраас өнөө орой 17:00 цагаас эхлэх ҮЗХ-ны хурал З.Энхболдын хувьд халуун сорилттой нүүр тулах мөч.

Тэгээд яаж намаа аврах гэж?! Юуны өмнө намынхаа нүүр царайг солих ёстой гэсэн асуудал ҮЗХ-ны гишүүдийн тодорхой хүрээнд яригдаж буй аж. Тухайлбал, өнөөдрийн хурлаар хэлэлцэгдэх үүрэг гүйцэтгэгч генсек Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлыг үүнд хамруулж байна. Мөн хоёр хоногийн өмнө болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуулийн үр дүн ч үүнд нөлөөлнө гэх. Тус холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа нэр цэвэр улстөрчдийн нэг хэдий ч С.Эрдэнийн хүн буюу намын даргын face. Одоо намын генсекийн үүрэг гүйцэтгэгч, ҮЗХ-ны хурлаар жинхлүүлэхийг хүсч байгаа Л.Эрхэмбаяр ч энэ талынх гэж үзвэл эрх мэдлийг З.Энхболдод дур зоргоор нь өгсөн хэрэг болно гэж үзэх гишүүд ч байгаа аж. Тэгэхээр Л.Эрхэмбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэхийг эсэргүүцэж, олон нийтэд түүнээс илүү нэр хүндтэй яваа нэгнийг зүтгүүлж магадгүй юм байна. Жишээ нь, ерэн оны МоАХ-ны гишүүн, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга яагаад байж болохгүй гэж? Яагаад Р.Амаржаргал байж болохгүй гэж? Ядаж л яагаад хуучин генсек Д.Эрдэнэбат байхад муу гэж? Ийм үзэл бодлууд ҮЗХ-ны хурлын өмнө сонсогдож байна.

Босоо С.Ганбаатар үнэхээр босоо рейтингтэй байгаа бол түүний дараа эрх баригч Ардчилсан намынхнаас хэний нэр гозойж байгаа вэ? УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Жилийн өмнө Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас буухад дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд Р.Амаржаргалыг олонхийн саналаар дэмжсэн ч намын ҮЗХ-ны хурал дээр унасныг мартах ёсгүй байх. Тэр ҮЗХ-ны хурлаас З.Энхболд намын даргаар, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдсон. Энэ хуучин баримтуудыг сөхөж байгаад Ардчилсан намын Их хурлыг зарлах, үүгээр намын даргын асуудлыг ч ярих саналыг ҮЗХ-ны хурлаас гарган тавьж болзошгүй л юм. Ардчилсан намын дарга З.Энхболдын хувьд өнөөдрийн зовлон нь улам бүр хурдасч буй намынх нь уналт.

М.Энхболд- МАН

Сөрөг хүчний намын дарга М.Энхболд муу тусмаа сайн гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Ерэн жилийн түүхтэй энэ нам саяхныг хүртэл улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн ч түүнийх нь үр дагавар өнөөдрийн хүндрэлийг өөрсдийнх нь тарьсан “жимс” гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Муу, муухай бүхнийг эрх баригчдад нялзааж, тэдний санал, санаачилга бүрт тээг тавих зарчмыг сөрөг хүчний хувьд баримталж байгаа нь харагддаг. Ардчилсан намын Засгийн газарт хамтарч үзсэн ч эв нэгдэж чадаагүй. Уг нь тулхтай, туршлагатай намын хувьд хөгжлийн төлөө хамтын шийдэлд уриалж болох л байсан. Гэхдээ МАН-д одоо ч, ирэх сонгуулиар ч ил гаргаж тавих хөгжлийн бодлого, шийдэл байгаа гэдэг эргэлзээтэй. Бас нэг мухардалд орсон ЭНХ юм.

Н.Энхбаяр- МАХН

МАН-ын дарга асан Н.Энхбаяр намаасаа нэгэн цагт өрх тусгаарлан гарсан ч түүний шинэ нам үүд, хойморь ялгагдахгүй ядруухан явсан үе бий. Улсын дээд шүүхэд МАХН нэрээр бүртгэгдэж чадахгүй явсан түүний намыг амь оруулахад хэн нэгэн Э тусалснаар Ардчилсан намын томоохон өрсөлдөгч МАН жинхэнэ утгаараа хоёр хуваагдаж, хойно нь сугарч үлдсэн юм. Энэ бол өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнөхөн болсон явдал. Мөн үүний дараахан МАХН Ардчилсан нам “тус” хүргэснийхээ хариуг нэг мөр авахаар шийдсэн гэлтэй Ардчилсан намын “аранга” болон босч ирчихээд байгаа нь өнөөдрийн үйл явдлуудаас анзаарагддаг. Ардчилсан намын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэгийн Шадар нь больё гэдэг санал тавьчихаад хариугаа хүлээн суугаа Н.Энхбаярын өмнө бүгд л ацан шалаанд орчихоод байж байгаа. Н.Энхбаярын эдлэх ёстой ялын хугацаа нь дуусаагүй байгаа гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн зөвлөх нэгэнтээ хэвлэлд дурдсан. Үүгээр нь шалтаглаад Н.Энхбаярт улстөрийн эрх өгч, Засгийн газартаа Шадар сайд болгохгүй гэчихвэл Засагт хамтарч байгаа МАХН танхимаас гарна гээд эрс шийдчихбэл Ардчилсан намд дахиад Засгийн газраа бүрдүүлэх шаанс байхгүй. МАН-тай хамтарч үзсэн, ИЗНН-ыг ч хадаг барин гуйж авчраад буцаасан. Энэ парламентад энэ хэдээс өөр “буян амлаж, бурхан тахиад” ч гуйж хамтрах хүчин байхгүй юм. Н.Энхбаяртай эв муутай ч эвсэл болж яваа Г.Уянга гишүүн Ч.Сайханбилэгийг огцруулах гарцыг томьёолоод УИХ-ын даргад өргөн мэдүүлчихлээ. Үүний ард Н.Энхбаяр дэм үзүүлэхийг ч үгүй гэх газаргүй. Тэр нэг байтугай Засгийн газрыг унагаж явсан тун эвгүй тоглолттой энэ цагийн улстөрчийн нэг ЭНХ.

М.Энхсайхан- МҮАН

Цагтаа Ардчилсан намын Засгийн газрыг тэргүүлж байсан М.Энхсайхан. Салж явсан цаг бий ч хуучин намынхантай хамтран Засгийн газарт өдгөө ажиллаж байгаа. Тавантолгой төслийг урагшуулах үүрэг хүлээн Засгийн газрын сайд болсон ч аашнаасаа ч юм уу, ажлаасаа болоод “үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэх нэр хоч зүүчихээд байгаа.

Түүнтэй албан тушаалын хариуцлага тооцох ёстой гэж Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нь нэгэнтээ сануулсан ч түүний санаснаар зүйл болоогүй л байгаа. Тавантолгойн төсөл гэх бодлогын баримт бичиг боловсруулсан нь УИХ-аар хэлэлцэгдээгүй ч энэ нь “үндэсний эрх ашиг зөрчсөн” болохыг УИХ-ын даргын хувиар З.Энхболд дүгнэчихсэн юм. Нэг үгээр бол засагт хамтарч байгаа Ардчилсан намын даргын араанд зуугдсан бас нэг зовлонтой ЭНХ.

Үнэхээр л улс үндэстнээ баллаж хорлохоор зүйл сэдсэн бол түүнийг нь шүүх тогтоохгүй юм гэхэд танхимын тэргүүний хувиар Ч.Сайханбилэг албан тушаалын хариуцлага тооцож болох л байсан. Гэвч ийм зүйл болоогүй. Болох ч үгүй байх. Яагаад гэвэл тэр яг л Н.Энхбаяртай ижилхэн байрлалд зогсч байгаа, юу гэвэл түүний тэргүүлдэг МҮАН засгаас гарлаа гэчихвэл Ардчилсан нам хаашаа хана мөргөж унах билээ?

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна