Авто худалдааны цогцолбороос өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгсэл улсын дугаар авч байна

2016 оны 1 сарын 20

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд орших, шинээр байгуулагдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлсэн. Шинээр авто машин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авдаг болоод байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрөөд сар орчим хугацаа өнгөрч байна. Танай байгууллагын зүгээс ямар бүтцээр цогцолборт ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс Зам тээврийн сайд М.Зоригтод тавьсан хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, нийслэлээс дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд М.Зоригт сайд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааны зарим хэсгийг, зохих хязгаарлалттайгаар Авто худалдааны цогцолбор руу шилжүүлж ажиллуулахыг Авто тээврийн үндэсний төвд үүрэг болгосон. Үүний дагуу манайхаас ажлын хэсэг зохион байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард эрчимтэй ажилласны үр дүнд оны өмнө Авто худалдааны цогцолборт импортын бүртгэлийн хэсгийг шилжүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн хэлтсийн даргатайгаа нийлээд 11 хүн манайхаас тэнд ажиллаж байна.

-Өдөрт хэд орчим хүн үйлчлүүлдэг вэ? Иргэдийн зүгээс ямар нэг санал гомдол ирж байна уу?

Авто худалдааны цогцолборт байгаа манай салбар дээрээс өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгож байгаа. Өнөөдрийн байдлаар Авто тээврийн төвд улсын дугаар олгох импортын бүртгэлийн үйл ажиллагаа цогцолборт шилжин очсонтой холбоотойгоор ирсэн иргэдийн гомдол, санал алга байна. Ер нь нэг иргэн автомашин хэрэглээд, тухайн машинаа 3-7 жилийн дараа шинээр сольдог. Мэдээж бололцоотой хүмүүс нь үүнээс богино хугацаанд сольж байгаа. Тэгэхээр хүмүүст нэг удаа очоод шинээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээд, улсын дугаар авахад ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй. Мөн Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлээс гадна бүх л үйлчилгээг төвлөрүүлсэн байгаад бидний зүгээс талархалтай байгаа. Банк, даатгал, татвар, улсын дугаарын үйлдвэр, зоогийн газрууд гээд үйлчилгээний стандартын дагуу байх ёстой бүх үйлчилгээг нэгт цэгт төвлөрүүлсэн нь бидэнд үйл ажиллагаагаа явуулахад нэлээд дэмжлэг болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Манай байгууллагын хувьд Багануур дүүргийг оролцуулахгүйгээр нийслэлд долоон цэгт Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Үүнийхээ таван цэгийг татан буулгаж, хотын төв дэх хоёр цэгийг Аса цирк буюу Рояал Плаза ХХК-ийн байранд болон Баянгол дүүргийн техник хяналтын төвд байрладаг Хөсөг трейд ХХК-ийн байранд үлдээсэн байгаа. Аса цирк, Хөсөг трейд дээр байгаа хоёр бүртгэлийн цэг дээр зөвхөн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж, импортын бүртгэлээ 100 хувь Авто худалдааны цогцолборт хийж байгаа. Цаашдаа манайх Авто худалдааны цогцолбортой хамтарч ажиллаж байгаад 2016 оны хавар гэхэд авто тээврийн бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр нь байрлуулах төлөвлөгөө гаргасан. Үүний тулд манай үйлчилгээг явуулах чанарын шаардлага хангасан барилгыг Авто худалдааны цогцолборын зүгээс ашиглалтад оруулах ёстой.

-Танай байгууллага Авто худалдааны цогцолборт 2 га газар эзэмшихээр болсон. Энэ эзэмшиж байгаа газраа Авто тээврийн үндэсний төв яаж ашиглахаар төлөвлөж байна вэ?

-Одоогоор бид Авто худалдааны цогцолборын гаргаж өгсөн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Авто худалдааны цогцолбор нь авто тээврийн үйлчилгээний стандартад заасны дагуу баригдаж, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг иргэд нэг дороос авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Авто худалдааны цогцолборт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс манайд үйлчилгээ явуулах барилга барих 2 га газар өгсөн. Үүнийг бид дэмжиж хүлээж авч байгаа. Уг газраа таван шугамтай байнгын техник хяналтын үзлэгийн суурин төв байгуулна гэж төлөвлөж байна. Одоогийн байдлаар тэнд явуулын үзлэгийн цэг ажиллуулж байна. 2 га газар дээр барилга барих санхүүжилтийг 2016 оны төсөвлөгдөөгүй учраас Авто худалдааны цогцолборын гаргаж өгсөн байранд үйл ажиллагаагаа энэ ондоо явуулахаар байна. Цаашдаа Авто тээврийн үндэсний төвд хуваарилж өгсөн 2 га газарт барилга барьж, шилжиж орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.  

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тоонд тохирох саруудад татвар төлж байгаа. Хотод энэ үйлчилгээг иргэд хаанаас авах вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн засаг даргын захирамжаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан. Хуулиараа тавдугаар сарын 31-ний дотор энэ татварыг тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн байх ёстой. Техник хяналтын үзлэг бол жилийн турш явагддаг үйлчилгээ. Тухайлбал 2015 оны наймдугаар сард үзлэгт орсон автомашин 2016 оны наймдугаар сарын 31 хоног дотроо техник хяналтын үзлэгт хамрагдах ёстой байдаг. Автомашины татвар хураалтын үйлчилгээг Авто тээврийн үндэсний төвийн Аса цирк болон Хөсөг трейд дээрх салбарууд дээр үзүүлж байгаа. Мөн дүүргүүдийн татварын хэлтсүүд болон Дүнжингарав дээрх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг олон цэгээр иргэдэд хүрч үйлчлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Авто худалдааны цогцолбор дээр мөн татварын цэг байгуулж ажиллахаар болсон байсан.  

Цифрээр татвар төлж байгаа нь хүмүүсийг цагийг нь тулгаж, дараалал үүсгэхээс сэргийлсэн ажил. Энэ сард нэг, зургаагаар төгссөн авто тээврийн хэрэгсэл татвар төлөлтөд их идэвхитэй хамрагдаж байгаа нь Нийслэлийн зүгээс гаргасан энэ зохицуулалт их үр дүнтэй байгаагийн нэг илрэл. Ер нь иргэд өөрсдийн унаж яваа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, ялгаруулж байгаа утааны хэмжээ нь стандарт зааснаас давсан эсэхийг шалгуулахаар заавал жилд 1 удаа гэлтгүй автомашинаа үзлэг оношилгоонд тогтмол оруулдаг болж байна. Үнэ тарифын хувьд ч маш хямд буюу 1 удаагийн үзлэгийн НӨАТ орсон үнэ 11,000 төгрөг л байдаг. Тиймээс, иргэд өөрсдөө хүсвэл техникийн оношилгоондоо хэзээ ч хамрагдаж болно.


НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна