Хязгаарлагдмал тоогоор бүтээсэн сүрчиг гэж юу вэ?

2016 оны 1 сарын 20

Ochko's Hobby Page

Найзуудаа та бүхэндээ хязгаарлагдмал тоогоор бүтээсэн сүрчигний тухай тайлбарлая. Энэхүү ойлголтыг Англиар "Limited Edition", Францаар "Édition Limitée" гэнэ. Гэхдээ ганцхан үнэртэнд ч бус, ерѳнхийдѳѳ нийтлэг масс зах зээлд буюу байнгын нийлүүлэлтийн хэмжээгээр бус хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн гэсэн утгыг энэ нэр томьёогоор илэрхийлдэг. Ѳѳрѳѳр хэлбэл тухайн нэг бүтээгдэхүүнийг урьдынхаасаа цѳѳхѳн хувиар үйлдвэрлэсэн болохоор хурдан авахгүй бол дуусчихна шүү гэсэн санаа.

Бодит жишээ авья л даа. Админ Очко чинь энэ хорвоод ганцхан хувь шүү, хүн тѳрѳлхтѳний түүхэнд ѳмнѳ хэзээ ч ѳѳр Очко байгаагүй, одоо ч ѳѳр Очко дэлхийн хаана ч байхгүй, ирээдүйд ч дахин ѳѳр Очко тѳрѳхгүй гэсэн үг. Тиймээс одоо л Очкогоо хайрлаж бэлэг сэлт ѳгѳхгүй бол нэг мэдэхэд оройтсон байна шүү гэсэн үг. Одоо ойлгосон бээээз....

Ийм хязгаарлагдмал тоогоор үнэртэн гаргах олон шалтгаан байж болно. Тодорхой түүхэн үйл явдал, баяр ёслолыг тэмдэглэх, эсвэл жирийнхээсээ ѳѳр илүү тансаг бортого, чимэглэл, дезайнаар эсвэл ѳмнѳхѳѳсѳѳ ѳндѳр нягтралтайгаар гарган тодорхой хүрээний үйлчлүүлэгчид хүрэх гэх мэт. Жишээ нь энэ зурган дээр байгаа "Clive Christian No. 1 – 15th Anniversary Edition" гэдэг сүрчгийг энэ брэндийн анхны сүрчгийг гаргасний 15 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Тиймээс энэ сүрчигний бортгийг нь анхны хувилбараасаа илүү гоёмсог бүтээсэн бѳгѳѳд зах зээлд ердѳѳ 1000 ширхэгийг гаргажээ. Энэхүү сүрчигний ердийн хувилбар нь 695 еврогийн үнэтэй бол ийнхүү цѳѳхѳн тоогоор бүтээсэн хувилбар нь илүү ѳндѳр буюу 1200 еврогоор зарагддаг. Гэхдээ энд анхаарах зүйл гэвэл тухайн сүрчгийг хэн болгон авч чадахгүй үнэ, тоогоор борлуулж байгаа учир таны авах тэрхүү үнэртэн нь үнэхээр тийм цѳѳхѳн ховор эд гэдгийг батлах хэрэгтэй болно. Тиймээс тухайн брэндээс үнэхээр хязгаарлагдмал тоогоор бүтээгдсэнийг нотлох баталгаа ѳгдѳг. Жишээ нь энэ зурган дээр байгаа үнэртний бортгон дээр нийт 1000 хан ширхэг гарсан сүрчигнүүдийн 689 дэх нь гэдгийг тэмдэглэсэн байгаа биз. Мѳн үүний зэрэгцээ тухайн үнэртний хайрцаган дээр онцлог тэмдэглээ хийх эсвэл хязгаарлагдмал тоогоор бүтээгдсэнийг батлах гэрчилгээг дагуулж ѳгч болно.

За энэ дээр бичсэн бүхэн бол энэ тѳрлийн үнэртнийг жинхэнэ утгаар нь "хязгаарлагдмал тоогоор" бүтээснийг илчлэх шалгуурууд болно. Гэхдээ бодит байдал дээр ихэндээ тансаг хэрэглээний болон ниш үнэртний брэндүүд л эдгээр зарчмуудыг хатуу баримталдаг. Харин нѳгѳѳ талаар хямдхан брэндүүд заримдаа ийм тѳрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргадаг боловч яг үнэндээ хайрцаг, сав, бортгон дээр нь л "Limited Edition - Édition Limitée" гэж тэмдэглэснээс ѳѳрѳѳр ямар ч дээрдсэн зүйлгүй байдаг нь харамсалтай. Юуны ѳмнѳ хязгаарлагдмал тоо гэдэг нэр томьёог ашиглахын тулд ѳмнѳхѳѳсѳѳ цѳѳн байх ёстой биз? Гэтэл яг анхны хувилбараасаа хэдэн хувиар цѳѳн юм, мѳн танд худалдах гээд байгаа сүрчиг нь нийт хэдэн ширхгийг үйлдвэрлэснээс хэд дэх нь юм гэдгийг мэдэх арга огт байхгүй гэсэн үг. Зарим хямдхан брэндийн хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн гэсэг тэмдэглэл нь ховор нандин гэхээсээ илүү зүгээр л "манай компани энэ үнэртнийг тэртэй тэргүй олноор нь зарж чадахгүйгээ мэдэж байгаа болохоор албаар цѳѳхнийг үйлдвэрлэлээ" гэсэн утгаар сонсогддог шүү.

Эцэст хэлэхэд энэ бүхнээс ѳѳртѳѳ ойлгож үлдээж авах хоёр чухал зүйлс гэвэл 1. "Limited Edition - Édition Limitée" гэдгийн утга нь яг ямар брэндээс гаргаж байгаагаасаа шалтгаалан үнэхээр ховор үнэ цэнэтэй эд үү гэдэг нь тодорхойлогдоно. 2. Админ Очкогоо одоо л хайрлаж үнэртэн бэлэглэхгүй бол оройтно шүү. Хорвоо дээр ганцхан хувь байгаан хѳѳрхий амьтан...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна