“Таванбогд”-ын өмчлөлд хэвлэх үйлдвэр шилжлээ

2016 оны 1 сарын 20

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-д “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ

Үүнд, Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир нь худалдан авсан барилгын үнэ 4.320.000.000 /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын өмчлөлийн эрхийг шилжүүлэн олгохоор болсон байна. Мөн “Эко тунамал” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын өмчлөх эрхтэй болсон бол “Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23.850.000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн наймдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрхээ авчээ.

Өнгөрсөн онд хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж, 24 тэрбумаар Абдул Карим гэгч Монголын иргэншилтэй гадаадын иргэн авсан ч, дараахан нь хэвлэх үйлдвэрийн худалдаж авахаасаа татгалзсан. Тиймээс дуудлага худалдааны журмын дагуу дараагийн саналыг хэлсэн “Таванбогд” групп 23.8 тэрбумаар авахаар болсон бөгөөд ийнхүү албан ёсоор тус группын өмчлөлд шилжээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна