Д.Баттулга: Гарам дээр морио сольдоггүй

2016 оны 1 сарын 20

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан өнөөдөр 17.00 цагт товлогдсон боловч одоо хэр нь эхлээгүй байна. Төрийн ордны Их танхимд эхлэх тус хуралдаанд одоогоор 40 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн байгаа юм. АН-ын дарга З.Энхболд  танхимд гишүүдээ хүлээж суугаад сая түр гадагшаа гарсан байна. Хуралдаанаар хэлэлцэх чухал асуудал нь Засгийн газрын тухай байж мэдэх аж. Энэ талаар хуралд оролцохоор ирсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгаас тодруулахад “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Сонгууль ойртож байна, гарам дээр морио сольдоггүй. Ардчилсан нам Засгийн эрхийг барьсан энэ хугацаанд нийслэлд төдийгүй орон нутагт олон ажил өрнөлөө. Цаашдаа ч ажил үргэлжлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Бидэнд олдсон мэдээллээр энэ удаагийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх аж. Одоогоо тус хороо 228 гишүүнтэй. Мөн өнгөрсөн жил Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Тиймээс энэ удаад олонхийн санал авсан гишүүдээ батламжлах аж.


18.00

ҮЗХ-ны хурлаас намын дарга гарч явлаа

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхлээгүй байна. ҮЗХ-ны ирц 70 хүнтэй байна. Хурал эхлээгүй байна. Хуралдааныг эхлүүлэхгүй гэж Ардчилсан намын “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, “Кроун” зэрэг фракиуд бойкот зарлажээ. Хуралдааны ирцийг бүрдэхийг хүлээж намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Энхбаяр нар хуралдааны танхимд сууж байгаад дөнгөж сая гарлаа.

Хуралдааныг эхлүүлэхгүй байгаа шалтгаан нь тодорхойгүй байна.

Г.ДАРЬ, Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна