Хотын захиргаа Монголын Барилгын Үндэсний Ассоциацитай хамтрана

2016 оны 1 сарын 20

“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, “Баярс констракшн” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын эдийн засаг, барилгын салбарын хөгжилд хамтын хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган үр өгөөжийг дээшлүүлэх, цаашид харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх Захирал Б.Нэмэхбаатар нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх, орон сууцны цахим мэдээллийн сан байгуулах, шинээр байгуулж буй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, “Баярс констракшн” ХХК-ийн захирал Н.Баянсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Талууд санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийх санаачилга гаргах, Улаанбаатар хотын хуучин барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, сэргээн засварлах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах юм

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна