Арван жилийн хоригийн дараах Иран

2016 оны 1 сарын 21

 

Ираны эсрэг анхны хориг арга хэмжээг хувьсгалынх нь дараа 1979 онд авсан түүхтэй. Гэхдээ энэ долоо хоногт цуцлагдсан, хамгийн хатуу хориг нь 2006 оноос хойш 10 жил үргэлжилжээ. Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаас татгалзсан нь ийм үр дүнд хүргэсэн юм. Ираны эсрэг хориг арга хэмжээ нь ихээхэн танил зураглалтай. Хоригийн дагуу нефть, байгалийн хийн салбарт нь хөрөнгө оруулахыг хориглосон юм. Мөн Ирантай ямар нэг бизнес хийхийг хориглосон байлаа. Дэлхийн ул сорнуудын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хассан зэрэг нугалаа ч бас байлаа. Тегеран хариу барихаар яарахдаа бас алдаа гаргасан. Тухайлбал, ухаалаг утас, авто машин, компьютерийн импортыг хориглосон юм. Ер нь бол хоригийг Иранаар дайран өнгөрсөн хар хуй салхитай зүйрлэж болно.

 

Нефтийн салбар

 

Хоригийг чангатгах хүртэл Иран өдөрт дөрвөн сая баррель нефть олборлож, олборлолтоороо ОРЕС-ийн орнууд дундаа хоёрдугаарт байлаа. Хоригийн дараа олборлолт нь сая гаруй баррелиар буурчээ.

 

Иран дахь нефть олборлолт хоногийн дунджаар

 

Экспорт нь улам ч их хохиров. Оргил үедээ 2,2 сая хүрч байсан экспорт 860 мянган баррель хүртэл унажээ. Нефть нь Ираны эдийн засгийн 80 хувь болж байдаг учир АНУ жинхэнэ цэгийг нь олж хатгасан. Шинжээчдийн дүгнэлтээр хоригийн улмаас Ираны эрчим хүчний салбар жил бүр 60 орчим тэрбум долларын хөрөнгийг авч чадахгүй алдаж байлаа.

 

Хоригийн хамгийн үр дүнтэй зэвсэг нь Ираны нефтийг далайгаар зөөхийг хориглосон явдал байсан. Дэлхийн нефть тээвэрлэгч танкерийн флотын 95 хувь нь Европын хууль дүрмийн хэм хэмжээг мөрддөг учир Европын холбооны энэ шийдвэр нь Ираны экспортын орлогыг 40 хувиар бууруулжээ.

 

Валют

 

Ираны риалийн 2010-2015 оны динамик

 

Арван жилийн хориг нь Иран мөнгөн тэмдэгт риалыг бараг устгалаа. Ам.доллартай харьцуулахад риал 80 хувийн үнэлгээгээ алдсан юм. 2010 оны аравдугаар сарын нефтийн хориг арга хэмжээ нь хүчтэй цохилт байсан бөгөөд Исламын Бүгд найрамдах улсын валют 10 хувиар хямдарсан юм.

 

Ираны Төв банк 2013 оны нэгдүгээр сард инфляци нь 27 хувь болон түүхэн дээд цэгт хүрсэнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин шинжээчид энэ бол дарсан тоо, бодит тоо үүнээс ч илүү гэж байв. Ираны үнийн бодит өсөлт 50-70 хувь хүрсэн байх магадлалтай.

 

Санхүү

 

 

Ираны санхүүгийн байдал үнэхээр өрөвдөлтэй болсон. Хоригийн жилүүдэд төсвийн алдагдал нь 30-50 тэрбум ам.доллар болж байлаа. Гадаад орнуудад Ираны улс төрийн элитүүдийн 100 тэрбум ам.доллар битүүмжлэгдсэн юм.

 

Валютын нөөц нь 80 тэрбум ам.доллар болсон энэ том орны хувьд чамлалттай. SWIFT-ээс тусгаарлагдсан банкууд бэлэн мөнгөөр, алтаар эсвэл ихээхэн ээдрээтэй солилцооны аргаар төлбөр хийж байлаа. 2013 онд Иран дөнгөж гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан нь нефтийн хатуу хоригийн өмнөх 2011 оноос 1,5 тэрбумаар бага байлаа.

 

Дэлхийн банкны мэдээгээр Иран нь гадаадын хөрөнгө оруулалтыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтээр дэлхийн хамгийн муу улсын нэг юм.

 

Иргэдийн амьжиргаа

 

 

Санхүү нь сүйрч, гипер инфляци нүүрлэсэн нь иранчуудын амьдралын түвшинг эрс унагажээ. Зарим долоо хоногт жимс, ногооны үнэ 100 хувиар, махны үнэ 30 хувиар нэмэгдэж байлаа.

 

Тегераны төвийн албан конторын ажилтнуудад хүртэл стейк худалдан авч идэх нь тансаглалд тооцохоор болсон байв. Нефтийн хоригийн улмаас эрх баригчид нь халуун, хүйтэн ус, цахилгааны хөнгөлтийг цуцлахаас өөр аргагүй болсон юм. Нэг галлон (3,7л) бензин 40 центийн үнэтэй байснаа зургаа хагас дахин өсчээ.

 

Бусад бараа бүтээгдэхүүн

 

 

Эрчимтэй дундарсан валютын нөөцөө барихын тулд Иран авто машин, ухаалаг утас, компьютер зэрэг заавал хэрэглэх шаардлагагүй барааны импортыг хориглов. Ираны өөрийн авто машины үйлдвэрлэл 45 хувиар унасан. Олон эд ангийг нь Европоос худалдан авдаг байтал SWIFT байхгүйгээс нийлүүлэгчидтэйгээ тооцоо хийх боломжгүй болсон юм.

 

Иранчууд наяад оны эхэн үеийн маш хуучин онгоцоор нисдэг. Нисэхийн паркаа шинэчлэх боломжгүй байв. Boeing, Airbus компаниуд Тегерантай наймаа хийх эрхгүй байсан билээ. Эд ангийг нь Ираны арми ашиглах боломжтой гэж үзэж байлаа.

 

Исламын Бүгд найрамдах улсад эм үнэхээр дутагдалтай байна. ЕХ ба АНУ эмийн салбарт албан ёсоор хориг тавиагүй ч химийн бодисыг хоёрдмол байдлаар ашиглуулахыг хориглосон заалтад эм хамаарсан байлаа. Ингээд эмийн томоохон үйлдвэрлэгчид нь Ираныг орхихоос өөр аргагүй болсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна