Нефтийн шунал сүйрлээр дуусах нь олон

2016 оны 1 сарын 21

Гитлерээс авахуулаад Саддам Хуссейн хүртэл дэлхийн дарангуйлагчдын хувьд нефть бол татгалзаж чаддаггүй “таашаал”-ынх нь нэг байсан. Дэлхийн түүхийн сүүлийн 100 жилийн хугацаанд нефтээс үүдэлтэй дайн хэд хэд гарсан. Дайтаж буй тал дайсны талын газар нутаг дахь нефтийн ордыг булаан эзлэхээр дайны ажиллагаа эхлүүлсэн, эсвэл дайны явцад нефтийн ордыг нь өөрийн болгох, орчин үеийн цэрэг армийн чухал түүхий эд болох энэ ашигт малтмалд хүрэх боломжийг дайсандаа олгохгүй байх цэргийн стратегийг хэрэгжүүлсэн байдаг. Гэсэн ч энэ зорилгодоо хэт улайран өөрийн улс орныг сүйрэлд хүргэсэн тохиолдол цөөнгүй.

Алс Дорнод, Зүүн Өмнөд Ази, Номхон далай дахь дайн

1941 онд Японы гаргасан АНУ-тай дайтах шийдвэр олон шалтгаантай байсан юм. Сул дорой Хятадыг Япон бүрэн эзэгнэж чадах уу, Номхон далайн бүс нутагт хэн ноёлох вэ зэрэг асуултад хариу өгөх шаардлагатай байсан. Гэсэн ч хамгийн гол шалтгаан нь Хятадын зарим хэсгийг, мөн тэр үед Францын эзэмшилд байсан тухайн үеийн Индокитай буюу одоогийн Вьетнамыг булаан эзэлсэнийх нь хариуд АНУ болон Европын зарим улс 1941 оны наймдугаар сард Японд нефть нийлүүлэхээ зогсоосон явдал байлаа. Япон бол нефтийн нөөцгүй орон. Хөгжиж буй эдийн засаг нь, тэр дундаа улам өсөн нэмэгдэж байсан усан флот, агаарын хүчин нь их хэмжээний нефтийг хэрэглэж байлаа.

Хориг Японы өмнө хоёр сонголтыг тулгасан. Хоригт захирагдан Ази, Номхон далайг эзэгнэх амбицаасаа татгалзах, эсвэл өөрт шаардлагатай байгаа нефтийн ордуудыг булаан эзлэх. Яг энэ үед Гитлер баруун Европыг эзлээд байсан нь Номхон далай дахь Голландын болон Их Британийн мэдэлд байсан нефтийн ордуудыг эзлэх боломжийг Японд олгож байв. Хэдийгээр орд газар байгаа газруудад европчууд шигүү суурьшиж, тодорхой хэмжээний армитай байсан ч хүч нь сул байв, гагцхүү хүчирхэг усан флоттой АНУ энэ зорилгод саад хийж чадах байв. Тиймээс Сувдан эрэг дэх АНУ-ын флотыг япончууд бөмбөгдсөн ч нефтийн гачаалаас гарч чадсангүй.

Азийн нефтийн ордуудыг булаан эзлэх тийм ч төвөгтэй биш, гагцхүү тэнд байгаа нефтийг Японы арал руу зөөвөрлөн авчрах нь асуудал байлаа. Өрсөлдөгчид мэдээж зүгээр суугаагүй. Японы эргийг бүслэн усан доогуур минан бүслэлт хийсэн нь Японы нефтийн танкеруудад маш их хохирол амсч байсан. Аргаа барсан япончууд армийн хэрэгцээний шатахуунаа хангахын тулд ой модоо огтолж байсан гэдэг. АНУ-ын эзэмшил рүү дайрах япончуудын санаархал өөрсдийн хаанд улсынх нь мөхлөөр дууссан билээ.

Сталинград

Түүхэнд байсан дарангуйлагч дотроос нефтийн үнэ цэнийг мэддэг, түүний төлөө улайран тэмцсэн нь Гитлер гэхэд буруудахгүй. “Миний генералууд дайны эдийн засгийн утга учрыг мэдэхгүй юм” хэмээн тэр хэлж байжээ. Гэхдээ тэдгээр генералын хэн нь ч нефтийн ордыг булаахын төлөө танкуудаа галын өөдөөс илгээхгүй байсан.

ЗХУ-ыг нүд ирмэхийн зуур эзлэх Гитлерийн “Барбарос” төлөвлөгөө 1941 оны зун бүрэн сүйрсэн нь ойлгомжтой байсан. 1942 оны зун гэхэд германчууд бүхий л фронтын шугамын нэгхэн хэсэгт л давшиж байлаа. Гитлер өөрийн армийн шилдэг хэсгээ нефтийн нөөц арвинтай Оросын өмнөд хэсэг, Кавказад төвлөрүүлж байлаа. Энэ хэсгийн нефтийн орд газруудыг булаан эзлэх “Блау” төлөвлөгөө амжилттай эхэлж, германчууд намар нь Сталинградад дөхөж очлоо. Гэхдээ германчуудын өмнө бас л хоёр сонголт тулгарлаа. Цэргээ хуваан заримыг нь нефтийн ордууд байгаа өмнөд хэсэг рүү илгээх, эсвэл тулааныг баруун тийш үргэлжлүүлж Сталинградыг эзлэх. Сталинградыг эзэлж чадвал Гитлер ЗХУ-ыг эзлэх бат цайзтай болох байлаа.

Аль алиныг авах зорилгоор Гитлер цэргээ хоёр хуваалаа. Аль алинд нь ялалт тун ойрхон харагдаж байлаа. Гэсэн ч хоёр хуваагдсан армид хүн хүч, буу зэсвгийн нөөц дутагдаж эхэллээ. Грозный болон Баку дахь нефтийн ордыг германчууд эзэлж чадсангүй. Гэхдээ тэд Кавказын ноён оргил Эльбруст тугаа хатгаж чадсанаараа бахархаж байлаа. Энэ үеэр оросууд гол хүчээ Сталинградын дэргэд төвлөрүүлж, хариу цохилт өгч эхэллээ. Зургаан сар үргэлжилсэн тулааны эцэст германчууд ухарч, тэдний 100 мянган цэрэг оросуудад олзлогдсон. Сталинградын төлөөх тулаан дэлхийн II дайны хувь заяаг эргүүлсэн гэж үздэг. Нефтийн ордын төлөөх мөрөөдөл нь Гитлерийн Оросыг эзлэх төлөвлөгөөтэй хамт нуран унасан юм.

Иран-Иракийн дайн

Иран-Иракийн дайн найман жил үргэлжилж аль алиныг ихээхэн сулруулсан. Хэн хэнийх нь хуурай газар дээрх цэргийн ажиллагаа гацаанд ормогц, дайсныхаа нефтийн ордуудад цохилт өгөх стратегид шилжив. 1984 онд Ирак Ираны нефтийн үйлдвэрүүдийг, мөн нефть тээвэрлэгч хөлгүүд рүү танкаар дайрав. Иран хариуд нь Иракийн нефтийн ордуудыг агаараас бөмбөгдөж, Иракийн нефьт тээвэрлэгч хөлөг явдаг Персийн булангийн усанд усан доорх мина тавив. Аль аль талых нь нийт 450 орчим хөлөг сүйдсэн ч хэн хэн нь зорьсондоо хүрч чадсангүй. Энэ зөрчилд АНУ татагдан орж, АНУ-ын цэргийн хөлгүүд Иракийн нефть тээвэрлэгч хөлгүүдийг дагалдан хамгаалах болов. Персийн булангийн усанд тавьсан минээс болж энгийн иргэлтэй хөлөг онгоц, мөн АНУ-ын харуулын хөлөг дэлбэрсэний дараа АНУ-ын усан цэрэг, агаарын хүчний хамтаар Ираны нефтийн хөлгүүд болоод усан флотыг устгасан.

Саддам Хуссейн Кувейтэд цөмрөн оров

1991 онд Ирак хөрш Кувейт рүүгээ дайрсан юм. Үүнд хэд хэдэн шалтгаан байлаа. Иракийн дайны үеийн төлбөрийн талаарх маргаан, Кувейтийн нефтийн хэт их олборлолт, Кувейт бол Иракийн нэг хэсэг гэсэн мэдэгдэл, эцэст нь Кувейтийн нефтийн ордуудыг эзэгнэх гэсэн хүсэл. Бөөрөнд нь наалдсан жижигхэн хөршөө Ирак ядах юмгүй эзэлсэн ч асуудлыг шийдэхээр АНУ оролцов. Иран-Иракийн дайны үеэр Иракийн талд байсан АНУ-тай Ирак түнжин хагарлаа. Хэдийгээр Кувейтээс цэргээ нэн даруй гаргах НҮБ-ын шийдвэр гарсан ч Саддам Хуссейн цэргээ гаргахыг яарсангүй. АНУ хариу арга хэмжээ авч Саудын Арабт 500 мянган цэргийн бие бүрэлдэхүүнийг татан авчирч, “Цөлийн шуурга” нэртэй цэргийн ажиллагаа эхэлж, эцэст нь Иракийн цэргийн хүч бүрэн сүйрсэн. Үүнээс өмнө Ирак нь Арабын ертөнцийн гол улсын нэг байсан бөгөөд Саддам Хуссейний нефтийн шунал ийнхүү улсаа мөхөөсөн.

Ирак дахь АНУ-ын дайн

1991, 1993 оны Ирак-АНУ-ын дайн нефтьтэй холбоотой байсан эсэхийг дахин олон жил маргах байх. Гэхдээ Персийн буланд хагас сая цэргийн бие бүрэлдэхүүн аваачин цэргийн ажиллагаа явуулна гэдэгт том шалтгаан бий. Африкийн Нигер хөрш Камерун руугаа дайрсан бол ийм цэргийн хүчийг АНУ хэзээ ч тийшээ аваачихгүй. Саудын Арабт АНУ-ын цэргийн хүч байршсан нь Усама Бин Ладены нөлөөг нэмэгдүүлж, улмаар “Аль Каида-гийн 2001 оны есдүгээр сарын 11-ны алан хядах ажиллагаанд хүргэсэн. 2003 онд АНУ Ирак руу довтолсоны өрийг АНУ-ын татвар төлөгчид хэдэн арван жил төлөх болж байгаа юм. АНУ-ын үе үеийн удирдагчдын хувьд нефтийн үнэ гэдэг бол өөрсдийнх төсөөлснөөс ч илүү өндөр өртөгтэй байсан.

Бэлтгэсэн А.ШАРАВ

ЭХ СУРВАЛЖ: THE NATIONAL INTEREST

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна