Дээд боловсролын санхүүжилт ба чанар

2016 оны 1 сарын 21

-Дээд боловсролын чанарыг сайжруулахын тулд сайн санхүүжилт хэрэгтэй-

Улс орнууд боловсролын системээ хэрхэн санхүүжүүлж ирснийг харахад голдуу бага боловсролд илүү их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ нь бага боловсрол зардал-үр ашгийн хувьд өндөр байдагтай холбоотой. Тухайлбал, судалгаагаар бага боловсролын зардал дунд боловсролын зардлаас 14 дахин бага, дээд боловсролынхоос 34 дахин бага байдаг. Тиймээс хөгжиж байгаа орнуудын хувьд бага боловсролыг илүү санхүүжүүлснээр сургуульд хамрагдах түвшинг нэмэгдүүлж, улмаар олон улсын өмнө хүлээсэн бичиг үсэг үл мэдэх байдлыг бүрмөсөн халах “Бүх нийтэд боловсрол олгох хөтөлбөр”, Мянганы хөгжлийн “бүх хүүхдийг бага боловсролтой болгох” гэсэн хоёрдугаар зорилтыг биелүүлэх боломжтой болж ирдэг.

Ядуу орнууд төсвийн хувьд хязгаарлалттай байдаг учраас дээд боловсролыг ихээр санхүүжүүлж чаддаггүй. Мөн тэгээд ч хөгжлийн, орлогын түвшин доогуур орнуудад өндөр боловсролтой, нарийн мэргэжлийн ажилчдын эрэлт харьцангуй бага байдаг. Харин эдийн засаг нь илүү хурдацтай хөгжиж ирэхийн хирээр тухайн оронд мэдлэг, ур чадвар сайтай ажиллах хүчний эрэлт эрс нэмэгддэг. Зөвхөн бага, дунд боловсролтой биш, аливаа нэг мэргэжил эзэмшсэн, техникийн эсвэл дээд боловсролтой ажиллах хүчин их хэмжээгээр хэрэгтэй болж ирдэг. Энэ үзэгдэл одоо манай оронд маш тод ажиглагдаж байна. Тиймээс бага-дунд, дунд, өндөр орлоготой улсууд техник мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, судалгаанд илүү хөрөнгө зарцуулж эхэлдэг.

Монгол улс 2011 оноос нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ олон улсын стандартын дагуу доогуур орлоготой (low-income) орноос доогуур дунд орлоготой (lower-middle income) орны зэрэглэлд орж эхэлсэн. Энэ бол манай эдийн засаг эрчимтэй өсөж байгаагийн нэг сайхан үзүүлэлт. Тиймээс одооноос эхлэн зөвхөн бага, дунд боловсролдоо анхаараад зогсохгүй их дээд сургуулиудад ихээхэн хэмжээний санхүүжилт хийж байж энэ хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадах юм. Манай улс бусад оронтой харьцуулахад төсвийн нийт зардлынхаа боловсролын салбарт зарцуулж байгаахэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог орон. 2012 онд улсын төсвийн зардлын 19,1 хувь, 2013 онд 18,5 хувийг боловсролын салбарт зарцуулсан. Дэлхийн санхүүгийн хямралтай 2009 онд гэхэд бусад салбарын зардлыг бууруулсан мөртлөө боловсролын салбарт зарцуулсан хэмжээгээ огт бууруулаагүй авч гарч байсан орон.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын нийт санхүүжилтийн 17-19 хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 45-54 хувь бага, дунд боловсролд, 7-10 хувь мэргэжлийн боловсролд, 20 хүртэлх хувь нь их, дээд боловсролд зарцуулагдаж байна. Дээд боловсролд зарцуулж байгаа мөнгө бага байна. Гэтэл зөвхөн төрийн өмчийн их сургуулиуд л суурь шинжлэх ухааны гол бүх хөтөлбөрийг зааж, судалж байна. Үүнд, онолын математик, онолын физик, цөмийн физик, хими, химийн инженерчлэл, геофизик, ой, ус, ургамал, амьтан судлал, микробиологи, бүх салбарын инженеринг, тэр дундаа одоо хамгийн чухал байгаа уул уурхайн шинжлэх ухаан, мэдээлэл технологи, анагаах ухаан, мэс засал, эх, хүүхдийн эрүүл мэнд, эрхтэн солин суулгах, малын өвчний оношлогоо, эмчилгээ, материал судлал зэрэг хувийн их дээд сургуулиудад нэг ч байдаггүй хөтөлбөрүүдийг зөвхөн төрийн өмчит 15 их, дээд сургуульд зааж байна. Мөн багш судлаач нар нь хязгаармагдмал санхүүжилтийн хүрээнд бага хэмжээний судалгаа хийж байна.

Төрөөс дээд боловсролыг маш багаар санхүүжүүлээд зогсохгүй хэтэрхий их зохицуулалт хийж байна. Жил болгон элсүүлэн авах оюутны тоог нь тогтоож байна, сургалтын төлбөрийн түвшинг тогтоож байна, сургалтын хөтөлбөрүүдийг нээх зөвшөөрлийг өгч, мөн болиулж байна, захирлуудыг нь шууд халж, томилж байна. Энэ нь тухайн их сургуулийг хөгжүүлэх алсын хараатай, урт хугацааны тогтвортой бодлого явуулах incentive буюу санаачлагыг бууруулж, улмаар хувийн сектор, бизнесийн байгууллагуудаас их сургуулиудад өгөх санхүүгийн дэмжлэг өгөх итгэлгүй болгож байна.

Онолын хувьд, төрөөс боловсролд оролцох гол хэдэн л үйл ажиллагаа байдаг. Үүнд: 1) боловсролын хөгжлийн бодлого боловсруулах, 2) санхүүжилт хийх, 3) боловсролын бүх түвшний стандартыг тогтоох, 4) уг стандартыг барьж байгаа эсэхийг биеэ даасан, магадлан итгэмжлэх байгууллагуудаар шалгуулах, 5) боловсролын хүртээмж, чанар, тэгш байдлыг хэрхэн хангах талаар суурь судалгаа хийх, 6) олон улсын байгууллагуудтай улсын боловсролын аливаа асуудлаар гэрээ хэлэлцээр хийх, хамтран ажиллах зэрэг болно. Түүнээс биш жил бүр хэдэн оюутан элсүүлэх, хэдэн төгрөг авах, хэнийг захирлаар тавих бол боловсролын яамны хийх ажил биш юм.

Ихээхэн амжилттай хөгжиж ирсэн дэлхийн том том их сургуулиудад төрөөс нь институцийн зохицуулалт ихээр хийснээс болж дэлхийд болон Ази тив дотроо нэр хүнд, түвшин нь буурч ирсэн гашуун туршлагууд их байна. Тухайлбал, Энэтхэгийн Технологийн институт (India’s Institutes of Technology) нь АНУ-ын Массачутессийн Технологийн институттэй өрсөлддөг, жил болгон 250,000 орохыг хүссэн хүнээс зөвхөн 4,000 оюутныг элсүүлдэг асар нэр хүндтэй, төгсөгчдийг нь дэлхийн бүх технологийн компаниуд ажилд дуртайяа авдаг их сургууль байсныг Засгийн газраас нь улс төрийн бодлогоор уг сургуулийн засаглал, менежментэд оролцож, тухайлбал, шалгалтын онооноос гадна яс үндэстэнд суурилсан элсэлтийн бодлого явуулах, зөвхөн Энэтхэг улсад амьдардаг багш профессоруудыг ажиллуулахыг шаардсанаас болж энэ том, нэртэй сургууль удалгүй сайн профессор, багш нарын дутагдалд орж, дэлхийн эхний шилдэг 100 их сургуулийн жагсаалтад битгий хэл, эхний 200-д орж чадахаа больсон билээ. Мөн адил бодлогыг Малайзийн их сургуульд хэрэгжүүлснээр энэ орны хамгийн сайн их сургуулийн сайн оюутнууд нь Малайзид биш хөрш зэргэлдээ Сингапур улсад, дэлхийд 12-д жагсдаг, Азид нэгд жагсдаг Сингапурын Үндэсний их сургуульд суралцдаг болсон байна.

Одоогийн байдлаар Монголд төрийн өмчийн их дээд сургуулиуд нийт зардлынхаа 70-80 хувийг оюутны сургалтын төлбөрөөр санхүүжүүлж байна. Багш, ажилчдын цалин, нийгмийн даатгал, номын сангийн баяжуулалт, компьтер, лабораторийн зардлууд, сургалтын орчныг тохижуулах, дээд боловсролын гадаад харилцаа, багшийн хөгжил, бага хэмжээний судалгаа бүгдийг оюутны төлбөрөөр санхүүжүүлж байна. Ийм учраас төрийн өмчийн их сургуулиудад сайн судлаач багш нар ажиллахгүй байна, гадны чадалтай профессоруудыг семестер болгон урьж авчран англи хэл дээр сайн хичээл заалгуулж чадахгүй байна, бүх оюутан сүүлийн үеийн ном сурах бичиг, цахим номын сан ашиглаж чадахгүй байна, өндөр хурдтай компьтер, багаж төхөөрөмж, сорьцын материалтай лабораториудад өдөр болгон ажиллаж, туршиж, алдаж, сурч, мэдэж, дадлагажиж чадахгүй байна. Тиймээс тэд хөдөлмөрийн зах зээл гараад гологдож байна.

Бүх зардлаа оюутны төлбөрөөр санхүүжүүлдэг учраас төрийн өмчийн их, дээд сургуулиуд профессор, судлаач нартаа судалгааны мөнгө бага өгч байна. Тиймээс одоо явуулж байгаа сургалт нь профессор, багш нар оюутнуудыг зөвхөн нэгэнт тэртээ хэвлэгдсэн сурах бичгүүд дээр байгаа онолын гол гол зарчмыг цээжлүүлэх, эргээд түүнийгээ асуугаад дүгнэх сургалт явуулж байна. Хэрвээ багш нар нь судалгаа хийдэг бол жишээ нь, Монголд их гардаг малын гоц халдварт өвчнийг оношлох, эмчлэх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нь судлаад, ялангуяа магистр, доктор оюутнуудтайгаа хамтраад гарган авдаг бол төгсөгчид нь эдгээр өвчний талаар мэдлэгийг тэртээх аль нэг сурах бичгээс бус яг одоо бий болж байгаа, нотлогдсон мэдлэгийг олж авч чадах юм.

Дэлхийн нэртэй том их сургуулиуд яагаад судалгаанд их мөнгө зарцуулдаг, яагаад нэр хүндтэй Нобелийн шагналтай эрдэмтдийг өндөр цалинтай ажиллуулдаг вэ гэдэг нь тухайн их сургуулийн оюутнууд нь хамгийн сүүлийн үеийн эрдэм, мэдлэг, нотолгоог сурч мэдээд гардаг, үүнийг нь дэлхийн хөдөлмөрийн зах зээл мэддэг, төгсөгчдийг нь ажилд авдаг учраас тэр. Саяхны бөгөөд хөрш орны жишээнээс л харахад 2010 онд БНХАУ-ын Тянжины их сургууль АНУ-д багшилдаг онгоцны инженерийн нэгэн алдартай хятад гаралтай профессорыг авч ажиллуулахын тулд зөвхөн өндөр цалин, сүүлийн үеийн лаборатор, туслахууд өгөөд зогсохгүй, зөвхөн түүний судалгаанд зориулж A120 серийн асар том онгоц авч өгсөн байна. Энэ нь БНХАУ-ын 211 дүгээр төсөл буюу Хятадын 100 их сургуулийг дэлхийн эхний 500 шилдэг их сургуулийн жагсаалтад оруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн байна. БНХАУ зөвхөн хятад гаралтай шилдэг профессоруудыг авчирч ажиллуулахаас гадна их сургуулийг удирдах захирлуудыг гаднаас авч ажиллуулж байна. Жишээ нь, Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн Их сургууль Сан Франсискогийн улсын Их сургуулийн ерөнхийлөгч байсан Chia Wei Woo профессорыг ерөнхийлөгчөөр урьж ажиллуулж байсан бол одоо АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны фондын манайхаар бол Шинжлэх ухааны академийн орлогч захирлаар ажиллаж байсан Tony F. Chang профессорыг урьж ажиллуулж байна. Энэ их сургууль зөвхөн сүүлийн 10 жилийн дотор л гэхэд дэлхийн шилдэг их сургуулийн 41-д жагссан байна.

Дээд боловсролын чанарын асуудал зөвхөн Монгол улсын хувьд биш, дэлхийн бүх л хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудал юм. Энэ асуудлыг улс орнууд хэрхэн шийдэж байна вэ гэвэл, нэгдүгээрт, хамгийн түрүүнд засаглалын асуудлыг нь биеэ даасан байхаар, Боловсролын яамнаас бус тухайн их сургуулийн удирдах зөвлөл бүх асуудлыг шийддэг байхаар зохицуулж өгдөг, хоёрдугаарт, улсаас их хэмжээний санхүүжилт өгдөг, ялангуяа улсын хэмжээнд шаардлагатай байгаа бүх л судалгааны санхүүжилтийг өгдөг, гуравдугаарт, өрсөлдөөний үр дүнд чадалтай, сайн судалгаа хийдэг багш нарыг авч ажиллуулдаг, тэдний цалин, нийгмийн хамгааллын асуудлыг нь хангалттай шийдэж өгдөг, ингэхдээ аль болохоор тухайн сургуулийг төгссөн хүнийг багшаар уг сургуульдаа авч ажиллуулдаггүй зэрэг олон аргыг хэрэглэж байна.

Эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ? Дээд боловсролын чанарыг сайжруулахын тулд сайн санхүүжилт хэрэгтэй. Нэгдүгээрт, төрөөс дээд боловсрол, суурь судалгаанд зарцуулах санхүүжилтээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, санхүүжилтээ их хэмжээгээр нэмэгдүүлж чадахгүй бол төрийн өмчийн их, дээд сургуулиудын урсгал зардлын бага хэсгийг биш тухайн сургуулийн хөтөлбөрүүдийн зардал, лабораторуудийн байдлаас нь хамааран 28-40 хувийг нь жил болгон санхүүжүүлдэг болох хэрэгтэй байна. Эргээд төрөөс хариуд нь төрийн өмчийн их, дээд 15 сургуулийг чанартай сургалт, бүсийн, дэлхийн хэмжээний судалгаа гаргахыг шаардах хэрэгтэй.

Гуравдугаар хувилбар бол хэрвээ ийм хэмжээний санхүүжилт хийж чадахгүй бол төрөөс төрийн өмчийн их, дээд сургуулиудын менежмент, сургалтын төлбөр, суралцагчдын тоог тогтоох, хөтөлбөр нээх зөвшөөрөл зэрэг оролцоогоо багасгах хэрэгтэй. Энэ хувилбар бол санхүүжилт хийгдсэн, хийгдээгүй бүх оронд улсаас төрийн өмчит их, дээд сургуулиудад баримталдаг гол зарчим билээ.

Б. ОТГОНТӨГС

Эдийн засгийн ухааны доктор

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна