Нийслэлд концессоор 148 ажлыг хэрэгжүүлнэ

2016 оны 1 сарын 21

Өнгөрсөн онд нийслэлд концессын гэрээгээр 14 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Барилга, зам тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт эдгээр төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл 2016 он гарсан энэ өдрүүдэд дээрх 14 төслийн гурав нь л хэрэгжиж дуусжээ. Тухайлбал, Налайхын бага оврын цэвэрлэх байгууламжийн ажил дууссан. Мөн Түргэн тусламжийн эмнэлгийн пунктын ажил, цаашлаад эмнэлгийн нэг төсөл гээд гурван ажил дуусжээ. Тэгвэл үлдсэн 11 ажил ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас тодруулбал “2014, 2015 онд батлагдсан 11 ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ямар нэг байдлаар саатсан зүйлгүй, төлөвлөгөөнд заагдсан хугацаандаа ажил үргэлжилж байна” гэх тайлбарыг өгөв.

Тэгвэл 2016 онд нийслэлд концессын гэрээгээр 148 ажлыг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ эдгээр ажлын ихэнх нь барих-шилжүүлэх чиглэлийн төсөл юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр бариад, нийслэлд түрээслүүлж, тодорхой хугацааны дараа нийслэлд шилжүүлнэ гэсэн үг юм. Энэ онд хэрэгжүүлэх 148 төслийн ихэнх нь зам тээвэр, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын ажил зонхилж байна. Эдгээрийн 102 нь барих-шилжүүлэх чиглэлээр концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ дундаас 26 нь сургууль, цэцэрлэгийн төсөл юм. Харин 44 нь тээвэр, замын төсөл гэж тусгагджээ. Тухайлбал, Шадивлан, Хуурай мухар, Найрамдал зэрэг 44 замыг энэ онд концессын гэрээгээр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд концессын гэрээгээр гүйцэтгэх бас нэгэн ажил нь Нарантуул худалдааны төвд барих гүүрийн төсөл юм байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна