Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад оролцож байна

2016 оны 1 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирлээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарын Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулдаг.  Мөн бүсчилсэн уулзалтууд зохион байгуулдаг.

Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ. Мөн Дэлхийн залуу удирдагчид  /Youth Global Leaders / форум, “Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг” / Global Shapers/-ийн гишүүнээр монгол залуус элсэн ажиллаж байна.

Гадаад хэргийн яам 2013 онд ДЭЗЧУ-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгааны тайлан илтгэлийг Дэлхийн Эдийн Засгийн 2014 оны чуулга уулзалтын тусгай хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн билээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 250 гаруй салбар хуралдаан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” “2016 оны төлөв, хандлага” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн уулзалт”  зэрэг уулзалтад оролцоно. Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийнэ.

Өнөөдөр /1-р сарын 20/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб бараалхлаа.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо. Мөн ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2017 оны 5 сард манай улсад айлчлах болсноо дуулгалаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна