"Энэ хэрэгжүүлж байгаа бодлогыг битгий өөрчлөөрэй"

2016 оны 1 сарын 21

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Дөрөвдүгээр лаборатори сургууль”-ийн сургалтын менежер Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-2012 оноос хойш хэрэгжүүлж байгаа “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт танай аймагт ямар байгаа вэ?

-Манай аймагт маш сайн хэрэгжиж байгаа. Лаборатори сургуулийн хэмжээнд гэхэд хүүхэд бүр соёл урлаг, спорт, хичээлийн гээд бүх тал дээр “би чадна” гэсэн итгэлийг өөрсдөдөө суулгаснаар бусад зүйлд хандах хандлага нь сайжирч, өөртөө итгэх итгэлийг олж авч байна. Энэхүү хөтөлбөрүүд хэрэгжсэнээр улирал бүрийн эцэст сурагчид сурсан мэдсэн зүйлсээ эцэг эх, багш нартаа шалгуулж өдөрлөг зохион багуулдаг боллоо. Багш нар нь ажиллах урам зориг дүүрэн, хүүхдүүд нь хөгжил дэвшлийн хувьд ахицтай болсон дүр зураг харагдаж байна.

-Ирэх жилээс ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөртэй санал нэгдэж байгаа юу? Ямар үр дүн гарна гэж бодож байна?

-Хүүхдэд маш ээлтэй төлөвлөлт учраас санал нэг байна. Багш нарын хувьд ахлах сургуулийн багш байхын тулд өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлж, сургуулиуд нь өөрсдөө бодлого, хөтөлбөрөө сайжруулахаас эхлээд маш их үр өгөөжөө өгнө гэж бодож байгаа. Хүүхдүүд амьдрал дээр гарж ирэхэд олон чадварыг хөгжүүлсэн, зөв монгол иргэн болоход ач холбогдолтой гэж харж байна.

-Багшийн хөгжил, сургуулийн орчин сайжруулах тал дээр өнгөрсөн жилд багагүй хөрөнгө орууллаа. Сургуулиудад физик, химийн лаборатори, багш бүрт олгосон нөүтбүүк энэ бүхэн хүүхдийн хөгжилд яг нэмэр болох уу?

-Манай сургуулийн эцэг эхчүүд маань санаачилгаараа хандив цуглуулаад анги болгондоо LCD телевиз тавьсан. Харин одоо багш бүр нөүтбүүктэй болсноор интернетээс татсан, бэлдсэн бүх зүйлсээ аль ч ангид үзүүлэх боломжтой болоод байна. Энэ бол наад захын жишээ. Байгалийн ухааны лабораторид хүүхэд дадлага туршилт хийснээр хүүхдийн чадвар маш их дээшилж, идэвхи оролцоо, шинэ санал санаачилга нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Боловсролд хөрөнгө оруулна гэдгийг хүүхдийн хөгжил, монголын ирээдүйд хөрөнгө оруулж байна гэж ойлгодог.

-Одоо та бүхэнд хэрэгтэй байгаа чухал зүйл юу байна вэ?

-Хамгийн түрүүнд энэ хэрэгжүүлж байгаа бодлогыг өөрчлөх вий гэдэгт их санаа зовж байна. Удахгүй сонгууль болно. Улс төрийн байдлаас шалтгаалаад зөв бодлого, сайн хэрэгжүүлж байгаа ажлыг минь битгий нураагаасай л гэж хүсч байна. Дараагаар нь боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаа битгий зогсоогоосой, эдийн засгийн боломж бололцоо нь хүрвэл багш нарынхаа цалинг нэмээсэй гэж хүсч байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна