Л.Болд гишүүн Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо

2016 оны 1 сарын 21

Өчигдрийн Хуульзүйн Байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо. Түүний хувьд хүний эрхийг хамгаалах ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэж хэлж болно. БНАГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөний дээд сургуулийг дүүргэж үйлдвэржилтийн хот гэгддэг Багануур дүүргийн Үйлдвэрчний эвлэлтэй ажил амьдралаа холбож байсан юм. Түүний хувьд ажилтнууд нэгдэж эрхийнхээ төлөө дуугардаг ардчилсан байгууллага болох үйлдвэрчний эвлэлийн анхдагчуудын нэг болж тулгын чулууг нь тавилцаж явсан түүхтэй.

 

Ардчилал хүний эрх хоёр салшгүй холбоотой. Тэр дундаа ардчилалыг Монголын оюутны холбооны оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Ардчилсан хувьсгал өрнөж талбай дээр 90 мянган хүн жагсаж байх үед цуглаанд оролцогчдын 80 хувь нь оюутнууд байсан гэхээр Ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхэд гол хөдөлгөгч хүч нь оюутнууд болж гэхэд болно. Л.Болдын хувьд тэр үед Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ардчилал хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж явсан хүн юм.

 

Түүнчлэн Олон улсын Эмнэсти интернейшнл байгууллагын Монгол дахь үүсгэн байгуулагч нь болж 2009 онд тус байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналаар шагнагдаж байсан юм.

 

Л.Болд гишүүний хувьд гадаад, дотоодын олон арван хурал зөвлөгөөнд хүний эрхийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт, Онлайн эрх чөлөө эвсэлийн Сайд нарын 5 дугаар Бага хуралд оролцож байсныг дурдаж болно.

 

Түүнчлэн төр, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс уулзалт, хэлэлцүүлэг хийх ажлыг санаачлан хүний эрхийн тал дээр тулгамдаад байгаа тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан санал солилцох ажлыг зохион байгуулаад байна. Өнгөрсөн хугацаанд “Хэн байхаас нь үл хамааран “хүний эрхэм чанар”-ыг хүндлэе”, ”Хүний хөгжих эрх”, “Шударгаар шүүлгэх эрх-Эрүүгийн процесс” зэрэг асуудлууд дээр төвлөрөн ярилцаж хүний эрхийн стандартыг хуульд тусгуулах талаар анхаарч ажиллаж байгаа юм байна.

 

Хүний эрхийн төлөө тууштай ажиллаж яваа эрхэм гишүүн ийнхүү Хүний эрхийн дэд хороог толгойлох боллоо.