Дэлхийн хувьцааны худалдааг дагаад Америкийн хөрөнгийн зах зээл уналаа

2016 оны 1 сарын 21

Гэрэл зургийг: Frank Rumpenhorst / DPA / Global Look

АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд Лхагва гаригт буурсан тухай өчигдөр /2016.01.21/ Bloomberg мэдээллээ. Нефтийн үнэ 27 ам.доллар хүрсэн, дэлхийн биржүүдэд хувьцааг ихээр зарж эхэлсэн нь үүнд нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн Dow Jones индекс 2,5 хувиар, Standard & Poor's 500 индекс 3,5 хувиар тус тус унан 2014 оны дөрөвдүгээр сарын хэмжээнд хүрлээ. 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны ашиг хоёр хувиар буужээ.

Blackstone Group LP.-ийн гүйцэтгэх захирал Стивен Шварцманы хэлснээр хувьцааг худалдах олон шалтгаан байгаа гэнэ. “Нэлээдгүй урт хугацаанд буурч байгаа АНУ-ын эдийн засаг зэрэг хүчин зүйл байна. Мөн нефтийн үнэ тасралтгүй хямдарч байна. Бас хэт дэвэргэсэн байж болох Хятадын асуудал байна” хэмээн тэр тайлбарлав. Холбооны нөөцийн систем мөнгөний бодлогын хүүгээ нэмэх дохио зах зээлд байгааг тэр нэмэн хэлжээ.

Дэлхийн зах зээлд Хятадын асуудал, нефтийн хямдрал, ам.долларын ханш чангарсан зэрэг тулгамдсан асуудал байгааг Нью-Йоркийн Federated Investors Inc. компанийн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн Фил Орландо санууллаа.

Азийн зах зээлийн хөрөнгийн арилжаа ч мөн өчигдөр /2016.01.16/ хоёр хувийн уналттай нээгдсэн байна. Япон, Өмнөд Солонгос, Гонконгийн биржүүдэд энэ байдал ажиглагджээ. Хятадын Shanghai Composite индекс 2976 гэсэн үзүүлэлтээр хаагдсан нь 31 пунктээр унасан гэсэн үг юм.

Азийн зах зээлийг дагаад Европын хөрөнгийн индексүүд ч доошилж эхэлсэн байна. Оросын рубль, Мексикийн песо хамгийн их суларсан гэж Bloomberg мэдээлэв. Москвагийн бирж дээр нэг ам.доллар 82 орчим рублиэр зарагдсан байв. Арилжааны мэдээгээр Brent маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерсийн нэг баррелийн үнэ 27,41 ам.доллар хүрэв. АНУ-ын WTI нефтийн баррель нь 27,9 ам.доллараар арилжагджээ.

Нэгдүгээр сарын 18-нд ОРЕС-ийн нефтийн сагсны үнэ 13 жилийн доод хэмжээнд буюу баррель нь 24,74 доллараар үнэлэгдсэн байв. Ираны хоригийг цуцалсан, Хятадын эрэлт буурсан нь нефтийн үнэд нөлөөлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна